“Чингисийн цавчилт” Дэлхийн аваргад дуудагдлаа

Moнголын мэргэжлийн тулаанч, “One Championship”, “Legend FC” холбооны хөнгөн жингийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө ОХУ-ын тамирчин Марат Гафуровтой дахин тулалдах тов тодорлоо. Өнгөрсөн жил болсон хоёр тамирчны тулааны дараа тэдний Дэлхийн аваргын бүсийн төлөөх дараагийн тоглолтыг Монголд зохион байгуулах яриа гарч байсан ч зохион байгуулагч “One Championship” холбоо хоёр тамирчны тулааныг арваннэгдүгээр сарын 11-нд Сингапурт хийхээр зарлалаа. “One Championship” нь холимог тулааны төрлийн Ази тивийн хамгийн том байгууллагa юм.

Тулааны спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа энэ тоглолт манай тамирчны хувьд Дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах боломжийг олгож байгаа бол  Марат Гафуров  өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалах зорилготой ирнэ.

2014 он:

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо наймдугаар сарын 29-нд болсон “One Fighting Championship”-ийн хөнгөн жингийн аваргын тулаанд Монголын тамирчин Ж.Нарантунгалаг ялж, аваргын бүс хүртэж байв. Манай тамирчин Японы тамирчин Кожи Оишиг ялж, featherweight буюу хагас хөнгөн жингийн (66 кг) Дэлхийн аварга болсон билээ.

2015 он:

2015 оны арваннэгдүгээр сарын 21. Энэ өдөр Ж.Нарантунгалаг хөнгөн жингийн дэлхийн аварга болсноос хойшхи анхны тулаанаа хийлээ. Хятадын Бээжин хотод болсон тулаанд Ж.Нарантунгалаг техник, ур чадварын давуу үзүүлэлттэй тулалдсан ч дөрөвдүгээр үед өрсөлдөгчийнхөө боох мэхэнд орж, ялагдал хүлээсэн юм. Энэ тулааны даагаа нэхэх шийдвэрлэх өдөр одоо арваннэгдүгээр сарын 1-нд тохионо.

МАРАТ ШАЙХАЛГАДЖИЕВИЧ ГАФУРОВ

  • 1985 оны арваннэгдүгээр сарын 21-нд төрсөн. 31 настай. 175 см өндөр. Хоч “Кобра”. Дэвжээнд 14 тулаанд оролцож, 14 ялалт байгуулсан. Мэргэжлийн тулаанд ялагдал амсаагүй тамирчин.

ЖАДАМБЫН НАРАНТУНГАЛАГ

  • 1976 оны арванхоёрдугаар сарын 16-нд төрсөн. 41 настай. Мэргэжлийн дэвжээнд 16 тулаан хийж, 12-т нь ялсан. Түүнийг мэргэжлийн тулааны ертөнцөд “Чингисийн цавчилт” хэмээн тоглолтын техникээр нь нэрлэдэг билээ.

 

 

www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу