Н.ЖАЛБАЖАВ: ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛД ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛЖ, ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Шихихутаг их сургуультай хамтарсан  "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал 10 дугаар сарын 12-нд болж байна.

Энэ үеэр Шихихутаг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал доктор Н.Жалбажаваас  хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ямар асуудалд анхаарч, хэлэлцэж байгаа талаар тодрууллаа.

Тэрээр “Энэхүү олон улсын хуралд Солонгос, Америкийн их сургууль, ОХУ-ын Уралийн их сургуулийн Хуулийн их сургууль, Эрхүү хотын УИС-иас судлаачид, эрдэмтэд хүрэлцэн ирж, оролцож, илтгэл тавьж байна. Энэ жилийн хурлын онцлог Хүний эрхийн тунхаглалд заасан хүний эрхийг хамгаалах олон улсын стандартуудыг өөрийн улс орны Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжинд хүндэтгэлтэйгээр авч, хэрэгжүүлж байгаа түгээмэл чухал бичиг баримтын талаар ярилцаж байна.

Эрдэмтэн судлаачдын илтгэлээс сонсвол хүний эрхийг хамгаалах асуудлаар хууль эрх зүйн зохицуулалт байна. Гэхдээ бодит байдал, хэрэгжилт, нийгэм эдийн засаг, баталгаажилтын асуудал дутагдалтай байгааг онцлон хөндлөө. Жишээ нь, Монгол улсад сонгуулийн систем ямар хэмжээнд явагддаг вэ, сонгох, сонгогдох эрх хэр зэрэг хэрэгжиж байгаа вэ, хүний эрүүл саруул орчинд аж төрөх эрх хэрхэн хангагдаж байгаа вэ зэрэг нарийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

Манай орны тухайд төр засаг энэ асуудалд чармайлт гарган, шийдвэрлэхийг оролдож байгаа боловч хүссэн үр дүнд төдийлөн хүрэхгүй, хүний эрх, эрх чөлөө  зөрчигдөж байгаа гашуун сургамж байсаар байгаа. Ийм зөрчлүүд зөвхөн Монголд биш, Солонгос, ОХУ, АНУ гэх мэт орнуудад байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн байх ёстой зохицуулалт, бодит байдал хоёрын зөрүүтэй хүний эрхийн зөрчилд эрдэмтэн, судлаачид гол анхаарлаа хандуулж, үүнийг арилгах арга замын талаар хурлын үеэр хэлэлцэж байна.” хэмээн ярилаа.

Б.БАЯРМАА

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу