МӨНГӨӨ БҮТЭН ТӨЛЖ, АЖЛАА ХАГАС ХИЙЛГЭДЭГ С.СҮХ-ОЧИР ДАРГЫН “ТУРШЛАГА”

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас залуучуудыг хотын соёлд сургах, тэдэнд эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор 2017 онд “Эерэг сэтгэлгээний давлагаа” аяныг зохион байгуулжээ. Энэ аяны хүрээнд эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго, агуулга бүхий телевизийн 30 цуврал нэвтрүүлэг хийхээр Биглайн фильм ХХК-тай тус газрын дарга С.Сүх-Очир гэрээ байгуулж, уг төслийг санхүүжүүлэхээр 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр А/12 тоот тушаал гаргасан байдаг.
Гэтэл Биглайн фильм ХХК-аас ердөө 15 нэвтрүүлэг буюу нийт ажлынхаа 50 хувийг л хүлээн авсан атлаа нэвтрүүлэг хийхэд шаардагдах 39.1 сая төгрөгийг тус компанийн данс руу 100 хувь шилжүүлсэн нь Шилэн дансны http://shilendans.gov.mn/org/7682?form=1629845&year=2017&group=0&task=7737 болон
http://shilendans.gov.mn/org/7682?form=2040236&year=2017&group=0&task=7737 линкнээс тодорхой харагдаж байна.
Энэ компани Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрыг “хулхидчихсан” бол яагаад бүтэн жил тойрон гомдол зарга үүсгэхгүй энэрэнгүй хандана вэ? Татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр гарын салаагаар урсгачихаад эргэж тайлагнахгүй, гүйцэтгэл шаардахгүй байгаагийн чухам учир юу вэ? С.Сүх-Очир ийнхүү хууль зөрчиж байгаагийн цаана авлигын шинжтэй үйлдэл байгаа эсэхийг АТГ анхааралдаа авч үнэн мөнийг тогтоовол зохистой санагдана.
2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын даргаар гэнэтхэн томилогдсон С.Сүх-Очир халаа сэлгээг баруун солгойгүй хийж, байгууллагын хуучин ажилтнуудаас ердөө хоёрхон хүн үлдээхдээ бүх нийтийн амралтын өдрөөр хүртэл тушаал гарган хууль зөрчдөг зоргоороо нэгэн бөгөөд 2017 онд батлагдсан төсвөө зарцуулж чадалгүй 143 сая төгрөг буцаан татуулж байж. Хотын дарга Су. Батболд түүнийг “Нийслэлийн 2017 оны шилдэг менежер”-ээр өргөмжилсөн нь төсөв хэмнэсэнтэй холбоотой байж болох ч батлагдсан төсвөө захиран зарцуулж, нийслэлийн залуучуудынхаа хөгжлийн төлөө үр ашигтай ажил хийж чадаагүй удирдлагыг шилдэгт тооцох нь зөв үү гэсэн асуулт дагуулсан билээ.
Мөнгөө бүтэн төлж, ажлаа тал хийлгэдэг С.Сүх-Очир даргын “туршлага”-ыг төсөв захиран зарцуулагч шат шатны эрхмүүд бүү дэлгэрүүлээсэй, ийм хариуцлагагүй үйлдэлд нь төр хяналтаа тавиасай гэж хүснэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу