Б.ГАНЧИМЭГ: ХҮҮ МИНЬ 15 УДАА ХАГАЛГААНД ОРЖ, НЯЛХ БИЕНДЭЭ БАЙМГҮЙ ЗОВЛОН ҮЗЭЖ БАЙНА

Ослын улмаас хөлийнх нь өсөлт саармагжиж, эмнэлгийн орон дээр тарчлан хэвтэж байгаа хүүгийн хөлний зураг өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн фэйсбүүк орчинд тархаж эхлэв. Учир нь хүүгийн эмчилгээнд 120 сая төгрөг хэрэг болсон тул ар гэрийнхэн нь ийнхүү ард түмнээсээ хандив тусламж гуйн, хүүг нь эдгээж өгөхийг хүссэн юм. Хүүгийн хөлний зураг нүд халтирам байсан тул иргэд эхэндээ итгэхгүй гүүглээс зураг татлаа хэмээн шүүмжилсэн ч эцэстээ хүүг аймшигт өвчинд нэрвэгдэж өвчиндөө тарчлан хэвтэж байгааг мэдсэн байдаг. Улмаар хоёрхон хоногийн дотор хүүгийн ээжийн дансанд 9 сая гаруй төгрөг цугласан байна. Гэвч 120 сая төгрөг хэрэгтэй тул арга буюу хэвлэлийнхэнд хандаж, ард түмнээ сайхан сэтгэлээр хүүд нь туслахыг түүний ээж Б.Ганчимэг хүслээ. 

Ингээд хүүгийн ээж Б.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа. 

-Фэйсбүүкээр хүүгийн тань хөлний зургийг харсан л даа. Ямар их өвдөлт мэдэрч байгаа бол гэж их л санаа зовж, хямарлаа. Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Хүү нь яаж яваад осолд орчихов?

-Зуны амралт эхлэнгүүт хүү минь Шувуунфабрикт байдаг эмээгийндээ очсон. Тэгээд би маргааш нь дэлгүүр нээх бэлтгэл ажилтай явж байтал нөхөр залгаад “Хүүгийн хөл хугарчихлаа гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж ярьсан. Дугуй унаж яваад л унаж гээд нээх айхтар юм бодоогүй очтол хүү маань эмнэлгийн орон дээр нүд нь нээлттэй хэвтэж байсан. Тэгээд яав аа, миний хүү гээд тэвэртэл хүүгийн маань зүүн хөл санжигначихсан байсан. Би хүүгээ ухаангүй хэвтэж байна гэж огт бодоогүй. Тэр үед хүү минь шоконд орчихсон ухаангүй байсан юм билээ. (уйлав)

-Шүүх эмнэлгийн дүгнэлт яаж гарсан бэ?

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүү минь тархиндаа цус харвалттай, духандаа цөмрөлттэй, нүдний ухархай нь цөмөрсөн, хөлний шилбэ нь хугарсан, хөлний шинүүр яс нь бүгд үүрчихсэн гэж  шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгээд л эмчилгээ хийлгээд, хагалгаанд ороод эхэлсэн. Хүүгийн минь хөл хагалгаанд ороод, хадаж боогоод зүгээр болчих байх гэж бодсон ч үхжилт үүсээд харлаад л байсан. Зөөлөн эдийн бяцрал гэдэг их хэцүү байдаг юм билээ.

-15 удаа хагалгаанд орсон гэсэн. Тэгээд ч хөлийг нь эмчилж чадаагүй юм уу?

-Эмч нар яс амьнаас холуур байдаг гээд эхлээд тархины гэмтлийг нь эмчилсэн. Гэтэл хөл нь үхжилт өгч явсаар тайрагдах хэмжээнд очсон. Би тайруулахгүй миний хүүг авраач гэж уйлж, орилсоор ашгүй сайн эмч нарын ачаар хүү минь хөлтэйгөө үлдсэн. Идээлсэн үхэжсэн юмыг цэвэршүүлдэг спонж гэдэг төхөөрөмж хасах 225 даралтаар сордог юм билээ. Бүх идээ бээр үхэжсэн арьс махыг цэвэрлэсэн. Хоёр удаа тэгж соруулаад хүүгийн минь хөлийн мах ягаараад аятайхан өнгө засагдаад ирсэн. Тэгээд нөхөөс тавих шаардлагатай гээд нөгөө хөлнийх нь махнаас таслан авч нөхсөн. Би ээж нь юм чинь махнаасаа өгч болохгүй юу гэхээр ээж нь өгч болно, таарна. Гэхдээ тэжээл өгөх хэмжээнд л тавина, хуураад л уначихна тэгэхээр энэ хүүхэд дахиад л зовно гээд өөрийнх нь махнаас нөхөөс хийдэг байсан. Хүү минь өвдөлт шаналал маш их үзлээ. Хагалгаа хийх бүр ингээд гайгүй болох болов уу, эдгэх болов уу гэхээр дахиад л эргэж буцаж явсаар хүү минь 15 удаагийн хагалгаанд орсон ч одоо хөл дээрээ ч гишгэж чадахгүй, арьс маханд нь үхжилт үүсээд сэдрээд байгаа. Эрүүл хөл нь 21 см бол өвчтэй хөл нь 16 см байгаа.

-Одоо Солонгос руу эмчилгээнд явахаар бүх бичиг баримтаа бүрдүүлээд виз нь гараад, тийзээ авчихсан гэсэн. Хэзээ явах вэ?

-Арваннэгдүгээр сарын 8-нд очсон байх ёстой. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлэхгүй үнэнээр хандвал виз мэдүүлэг бол гарц гаргалгааг нь заагаад өгдөг юм билээ. Бидний виз маш хурдан бүтсэн.  Солонгосын Анами их сургуулийн эмнэлгийг сонгоод хүүгийнхээ материалыг явуултал хоёр хоногийн дотор хариу ирсэн. Хүүгийн минь өвчнийг маш сайн мэдэж байна лээ. Дөрвөн  төрлийн хагалгаа хийх шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн.

  1. Шагайнаас шилбэр хүртэлх төмөр хадаас болон төвийн өсөлтийн хавтангийн мэс засал

Хүүгийн минь шагайны дотор талын өсөлтийн бүс нь гэмтээд хаагчдчихсан байгаа юм. Гадар тал нь хэвийн байгаа. Тэгэхээр нэг тал нь өсөөд байхаар хөлийн тавхайгаа мушгиад байгаа. Тэгээд явж чадахгүй өвдөөд байгаа юм. Нэг хөл дээрээ их ачаалал өгснөөс сүүж болон нуруу нь маш их өвдөж байгаа.

  1. Шилбэний уртын гажиг засах хагалгаа
  2. Шагайны гадагш эргэлтийг засах
  3. Хөлийн хэв гажилтыг засах хагалгаа хийглэх болсон.

Хүүхэд өвдөхөөр эх хүн энэ талын мэдлэгтэй болчихдог юм билээ. Үү дээр хөлийн шөрмөс сунгасан хэсэг нь ямар ч хөрсгүй болчихсон татсан хэвээр байгаа учир үүнийг бас засах байх гэж бодож байгаа.

Уг нь бид аравдугаар сарын 8-нд очих ёстой байсан боловч эмчилгээний зардал мөнгөний боломж бүрдээгүйгээс хойшилчихоод байгаа юм.

-Эмчилгээнд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Эмчилгээний төлбөр нь 55 -60 сая вон орчим болно гэсэн. Монгол мөнгөөр 130 сая орчим төгрөг болох байх.

 Осол гаргасан жолооч нэг жилийн тэнсэн авч, хоёр жилээр эрхээ хасуулсан

-Осол гаргасан жолоочоос нөхөн төлбөр авсан уу? Эмчилгээндээ хэрэглэвэл дэм болох байх?

-Өгөөгүй ээ. 15 удаагийн хагалгаа, эмчилгээний явцад 15 сая төгрөг л авчирч өгсөн. Шүүхээс уг нь 22 сая төгрөг нэхэмжилсэн байсан ч түүнийг нь төлөх тийм боломжтой хүн биш байсан. Би гэрт нь ч очиж байсан.

-Хэрэг одоо хаагдчихсан уу? Осол гаргасан жолооч ямар хариуцлага хүлээсэн бэ?

-Тэр жолооч анх танай хүүхдийг би дайраагүй, танай хүүхэд өөрөө явж ирээд мөргөсөн гэж надтай маш их маргалдсан л даа. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээс миний хүүгийн зөв гэсэн дүгнэлт гарсан. Тэр жолооч тормос гишгээгүй гэж мэдүүлсэн байсан. Хоёр дахь дүгнэлтээр онцгой байдалд ажилладаг н.Энхтөр гэх залуу гэрчээр оролцож, осол гаргасан жолоочийг тормос гишгэсэн. Хүү өөрөө ирээд мөргүүлсэн гэсэн худал мэдүүлэг өгсөн байсан. Үнэн хэрэгтээ тэр залуу жолоочоос мөнгө нэхсэн байсан. Би гэрч болоод өгье. Та нар тийшээ өгөх мөнгөө надад өгчих гэж хэлснийг жолоочийн эхнэр надад хэлсэн юм. Тэр үед өнөөх  залуу надтай бас уулзаж байсан. Би энэ хэрэгт танай талд гэрч болоод өгье надад мөнгө өг гэж хэлсэн. Сайны дотор ийм муухай хүн бас байдаг юм билээ. Гэхдээ хэргийн үнэн мөн нь тогтоогдсон л доо.

Хэргийг дахин шалгаад миний хүүгийн зөв гэсэн хоёр ч удаагийн дүгнэлт гарсан юм. Тэр залуу ял авахаар байсан. Гэхдээ би түүнийг уучилсан. Яагаад гэвэл санаатай ирээд дайрчихаагүй, дээрээс нь хоёр жаахан хүүхэдтэй, эхнэрийнх нь гэдсэнд дахиад ч нэг хүүхэд нь байсан болохоор тэр хүүхдүүдийн ирээдүйд хар толбо үлдээгээд яахав гээд уучилсан. Гомдолгүй гээд гарын үсэг зураад хэргийг хаасан байгаа. Одоо ч өмгөөлөгчид маань хүүгийн зөв гэсэн шийдвэр гарсан тохиолдолд хэргийг дахин сөхөж болно гэж хэлдэг.

-Жолооч компанийн машин жолоодож ажлаа хийж яваад осол гаргасан юм билээ. Энэ тохиолдолд компанийн зүгээс ямар нэг хариуцлага хүлээдэггүй юм болов уу? Ер нь тантай уулзсан уу?

-Уулзаагүй ээ. Нэгэнт шийдэгдсэн хэрэг тул компанийн нэрийг зарлаад яахав. Захирал нь их сайн хүн байдаг гэж сонсож байсан. Хэрэг болох үед менежер гэх залуу л ирж уулздаг байсан. Онцгүй сэтгэгдэлтэй үлдээсэн л дээ.

Уг нь компанийн машинаар, жолооч ажлын цагаараа ажлаа хийж яваад осол гаргасан. Тэгэхээр хариуцагчаар нь компани орох ёстой юм билээ. Том компани учир жолооч руугаа хамаг буруугаа чихээд өөрсдөө цэвэр үлдлээ гэсэн ойлголтыг аваад л үлдсэн. Үнэндээ эгч нь эмнэлэг рүү гүйх, цагдаа руу гүйх энэ ажлуудад үнэндээ туйлдсан. Бушуухан л хэргийг эцэслэхийг хүссэн.

Одоо харин компанийн захиралтай холбогдож, хүүд минь туслаач гэж гуйдаг юм билүү гэсэн бодолтой л байна. Энэ хэргээр далайлгаж сүрдүүлэх гээгүй ээ. Зүгээр хүнийхээ хувьд туслаач гэж хүсэх бодолтой байгаа.

 Гэнэт хандивууд ар араасаа ороод эхлэхэд гайхах, баярлах давхцаж нулимсаа барьж дийлээгүй

-Хүүгийн тань Солонгос руу явж эмчлүүлэх хугацаа төлбөр мөнгөнөөс болоод хойшилсон гэлээ. 130 сая төгрөг олох ч тийм амар биш байх.

-Манай нөхөр бид хоёр том машинаар карго зөөж их явдаг байсан юм л даа.  Тэгтэл нөхөр минь бөөрний архаг дутагдалд орж группт ороод эмнэлгээс эмнэлгийн хооронд байдаг болсон. Дараахан нь хүү минь осолд ороод ийм болчихлоо.

Нөхрөө эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэж гэртээ гаргачихаад л хүүгээ аваад эмнэлэг рүү явсаар хар дарсан зүүд шиг хоёр жилийг өнгөрүүлж байна. Тайван ч унтаж чадахгүй орилж, тэмтчиж босч ирдэг болсон. Үнэхээр одоогийн бидний амьдралын нөхцөл боломжоор бол энэ мөнгийг олоход маш хэцүү ч бид туслах болов уу гэсэн хүмүүс рүү захидал бичсэн байгаа. Хариу ирээгүй л байна.

Манайх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Дүүргийнхээ засаг дарга Ж.Сандагсүрэн болон энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал нарт туслах болов уу гэж найдаад захидал хүргүүлсэн.

Хүүгээ эмчлүүлэх гээд гэрийнхээ хамаг өнгөтэй гялгар бүхнийг зарсан. Нэг машинаа зарчихсан байгаа. Өөрт байгаа эд хөрөнгөө зарж байгаад л эмчилгээнд явна гэж шийдсэн. Явахаасаа өмнө унаж байгаа Приус машинаа зарчихаад явна. Очоод хүүгээ эмнэлэгт хэвтүүлж, шинжилгээг нь хийлгэж эхний хагалгаанд нь оруулчихаад буцаж ирж хашаа байшингаа зараад мөнгө нэмэрлэнэ л гэж бодож байгаа.

 Эрүүл саруул хүү төрүүлчихээд ингээд өвчтэй болгоод зовоож байгаадаа би өөрийгөө буруутгадаг. Яах гэж дугуй авч өгөв дөө гэж харамсдаг. Манайх шиг дугуйн зам байхгүй оронд дугуй унана гэдэг асар их эрсдэл дагуулдагыг л мэдлээ. Эцэг эхчүүдээ хүүхэддээ дугуй битгий авч өгөөрөй гэж хэлмээр байна.

-Дүү тань Э.Ганбат хүүгийн тухай ээжүүдийн фэйсбүүк группт тавьснаар хүмүүс мэддэг болж, хандив өгч эхлээд байгаа гэсэн?

-Эгч нь өөрөө гутал зардаг юм.  Тэгээд энэ амралтын өдрүүдээр Сэлэнгийн зах дээр гутал зараад зогсож байтал гэнэт хорин мянган төгрөгийн хандив орж ирээд, араас нь залгаад хандивууд орж эхэлсэн. Зүгээр мөнгө орж ирээд байхаар би бүр гайхаж, юу болоод байгааг сургалтал Солонгост сурдаг охин дүү минь ээжүүдийн групп дээр хүүгийн минь тухай бичихэд ээжүүд маш их эерэгээр хүлээн авч миний утас дансны дугаарыг аваад хандив тусламж үзүүлсэн нь тэр юм билээ. Дүү минь надад “гутал зарж хагалгааны мөнгө цуглуулах гээ юу, ард түмнээсээ тусламж хүсэхээс өөр арга байсангүй ээ. Таныг зовж явахыг би харж чадахгүй байна” гэсэн. Энэ мэдээг сонсоод гайхаж, балмагдах, баярлах давхцаж нэг хэсэг шоконд орсон ч хүүг минь эдгээхийн төлөө хандив өгч байгаа хүмүүсийн сайхан сэтгэлийг бахдаж нулимсаа барьж дийлээгүй ээ. Одоо ч хандив орж ирсээр

байна. Монголын ард түмэн ямар агуу, ямар сайхан сэтгэлтэй юм бэ.

-Хандив одоо хэдэн төгрөг болоод байна вэ?

-Хагас сайн өдрийн таван цагийн үед дүү минь пост бичиж, дансанд хандив орж эхэлсэн. Энэ хугацаанд нийт  9 сая гаруй, 10 сая орчим төгрөг цугларчихаад байна шүү дээ. Эгч нь баярлаад бүр хэлэх ч үг олдохгүй л явна.

Би үнэндээ хаашаа хэнд хандахаа мэдэхгүй байсан. Ингээд сайхан сэтгэлт монголын ард түмэн минь тусалж хандив өгч байгаад маш их баярлаж байна.  хүүгээ эрүүл саруул болгоод эх орондоо хэрэгтэй хүн болгохын төлөө хичээх болно оо.

-Манай ард түмэн сайхан сэтгэлтэй шүү дээ. Саяхан хоёр ч аавыг байртай болгосон шүү дээ. Танд ч бас туслана гэдэгт итгэлтэй байна.  

-Баярлалаа. Хүү минь л хурдан эдгэж хөл дээрээ зогсож байвал өөр хүсэх юм алга. Болдог бол би өмнөөс нь өвдөх юмсан гэж их бодох юм. Эх хүнд хүүгээ тарчлан зовж өвдөж байгааг харах шиг аймшигтай юм байдаггүй юм байна. 

Zaluu.com сайтын хамт олон ч мөн хүүг хурдан эдгэхийг хүсч, сэтгэлийн хандиваа өргөлөө. Та бүхэн Э.Ганбат хүүд туслаж, хандив өгөх бол Хаан банкны 5753385805 Батаа Ганчимэг ээжийнх нь данс. Мөн 80111886 утсаар Б.Ганчимэгтэй холбогдох боломжтой.

http://www.zaluu.com/ Х.Соёл-Эрдэнэ

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу