ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Ханнс-Зайделийн сан хамтран “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 11-нд зохион байгуулна.


Хурлын зорилго нь Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг сайжруулах, хил хамгаалах, хилийн хяналтын ба хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ шатанд гаргахад оршиж байна.

“Энэ удаагийн хурлаар хил дамнасан гэмт хэрэг, хилийн зөрчилтэй нутаг дэвсгэрт ард иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хөрш орнуудын хил хамгаалах байгууллагуудтай хамтрах, туршлага солилцоход оролцогчид илүү төвлөрч ярилцана гэж бодож байна. Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал гэх юм бол 1990-ээд оны үед гарч байсан хил давуулан худалдаалах арилжааны шинжтэй зөрчлүүд багассан. Хоёр хөрш орон хилийн бүс нутагтаа хүмүүсийн нягтаршлаа нэмэгдүүлж хилийн бүсээ хөгжүүлэхэд маш их анхаарч байна. Гэтэл эсрэгээрээ Монгол Улсын хилийн сумдуудын хүн амын нягтаршил сийрэгжиж байна. Энэ бол хилийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна” хэмээн ХСИС-ийн Хилийн сургуулийн захирал, хурандаа В.Жавхланцогт ярилаа.

Энэ удаагийн хуралд 35 төрийн байгууллага, 6 их дээд сургууль, 10 хүрээлэн, 3 төрийн бус байгууллагын 350 гаруй эрдэмтэн судлаач гадаадын 20 гаруй зочид, олон улсын байгууллага, ЭСЯ-ны 50 гаруй ажилтан оролцож 30 орчим илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцэх юм. Хуралд манай улсаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, БНСУ, Украйн зэрэг орны эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Монгол, ОХУ-ын Хил хамгаалах болон Хууль сахиулах байгууллагуудын ажил хэрэгч уулзалт зохион байгуулах юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлын үр дүнгээр зөвлөмж гаргаж хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагуудад хүргүүлэх аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу