Б.ЖАГАР: ОЮУТОЛГОЙ КОМПАНИЙН 51 ХУВИЙГ МОНГОЛЫН ТАЛД ШИЙДҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УИХ-ЫГ ТАРААХААР МАРГААШ ЖАГСАНА

“Оюу толгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагууд Оюутолгойн ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, өлсгөлөн зарлах талаар 10 дугаар сарын 4-ний өдөр мэдээлэл хийлээ.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ТББ-уудын тэргүүн Б.Жагар болон Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Б.Жагар энэ үеэр “Оюутолгой компанид ямар ноцтой асуудал үүсээд байна вэ гэхээр тус компанийн үүдэнд байх ёстой лого сар гаруй хугацаанд байхгүй болсон. Энэ ямар учиртай юм бэ. Тус компани Монгол орныг маш их өрөнд оруулсан. Тэд Оюутолгойн үндсэн ордын лицензийг Өмнөд Африкийн нэг банканд барьцаанд хадгалуулсан байна.

Тэгэхээр энэ бүгдээс дүгнэхэд Оюутолгой компани Монгол улсаас зугтах бэлтгэлээ хангаж байна гэсэн ойлголт төрж байгаа юм. Аливаа аж ахуйн нэгж байгууллагууд логогоо хүний нүдэнд харагдахуйц газарт байрлуулах ёстой. Хэрвээ лого нь алга болсон бол шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй.

Бидний хэвлэлийн бага хурал хийж байгаа гол зорилго 10 дугаар сарын 5-ны өдрийн өглөө 9 цагт Төрийн ордны гадаа эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлнэ. Манай ТББ 10000 хүний гарын үсэгтэй өргөх бичгээ УИХ-д өргөн барьсан. Хэрэв Оюутолгой компанийн 51 хувийг Монголын талд шийдүүлж чадахгүй бол УИХ-ыг тараахаар бид маргааш жагсана.Төрийн ордноос энэхүү албан хүсэлтэнд хариу өгөхгүй бол маргааш 100 хүн шууд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна.

100 хүн өлсгөлөн зарлавал НҮБ-ын шууд анхаарлын төвд ордог юм. Манай хөдөлгөөнөөс НҮБ-д албан бичиг хүргүүлсэн. Монгол улсын баялгаас шөнө, өдөргүй хулгай хийж байгаа болон улсын хилээр 62 тэрбум төгрөгний молбиден хууль бусаар гаргасан зөрчил ажлын хэсгийн шалгалтын явцад илрүүлсэн. Энд маш их ноцтой зүйлүүд бий. Бид Оюутолгой болон аль нэгэн аж ахуйн нэгж компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, гүтгэх доромжлох хандлага байхгүй юм” гэж мэдэгдлээ.

А.Эрдэнэбаяр “Оюутолгой ордын гэрээг үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд эрх мэдлийнхээ хүрээнд өөрсдийн эрх ашгийн төлөө хийсэн тул хүчин төгөлдөр биш гэж үзэж байгаа. Монгол улсын өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг хүмүүс “Оюутолгой ордоос тодорхой хэмжээний ашгийг бид хүртсэн” гэдгээ үнэнээр нь хэлвэл уг гэрээ хүчин төгөлдөр биш гэдэг нь тодорхой харагдаж, тэд хуулийн өмнө унах юм. Та бүхэн шүүхийн өмнө үнэнээ хэлчих хэрэгтэй гэж бид шаардаж байна. Бид Монголын ирээдүйн төлөө, мянга мянган үрс, ард түмний төлөө ТББ-ууд, иргэний нийгмийн төлөөллүүд, монголчууд далбаагаа барьж зогсоод, өөрсдийнхөө байр сууриа илэрхийлж, УИХ-ыг тараа хэмээн маргааш эвлэлдэн нэгдэнэ” хэмээн  ярилаа.

www.ardchilal.mn Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу