Л.ЛХАГВАСҮРЭН: ЭДИЙН ЗАСГИЙН АШИГГҮЙ БОЛ АЛТ ОЛБОРЛОХООР ГАЗАР НУТГИЙГ ХӨНДӨХ ШААРДЛАГАГҮЙ

Алтын салбарынхан аравдугаар сарын 2-ны өдөр болсон“Алтны форум”-аар тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.
Монголбанк, УУХҮЯ, Блүүмберг телевиз хамтран зохион байгуулж буй тус форумаар алтны салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниуд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголбанк энэ оны есдүгээр сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 2.1 тонн алт худалдан авчээ. Ийнхүү оны эхнээс худалдан авсан алтны нийт дүн 14.3 тоннд хүрсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанк энэ онд алт худалдан авалтыг 10 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд алт худалдан авалтын хэмжээг энэ онд 22 тоннд хүргэхийг зорьж буйгаа мэдэгдэв.

Уул уурхайн яамны Бодлогын газрын дарга Б.Билэгжаргалаас энэ чиглэлээр асуухад" Алт олборлолт, хайгуул, судалгааны ажилд эрх зүйн нарийвчилсан зохицуулалт байхгүй. Цаашлаад бид алтны хайгуул, олборлолтын ажилд сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн гаргах асуудалд анхаарч ажиллаж байна. Алтны салбарын 45 хувь нь хөрөнгө оруулалтаас шалтгаалж, эдийн засгийн эргэлтэнд орохгүй байна. Энэ асуудалд бүх талын холбогдох байгууллага, төр, яам, хувийн хэвшил, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбооны оролцоог хамруулж, шийдэл гарц гаргахын төлөө энэхүү форумын гол зорилго оршиж байгаа. Мөн алт үйлдвэрлэгчдийг дэмжих,  хууль бус олборлолт, бичил уул уурхай, нинжа нарын үйл ажиллагааг зөв зохицуулж, хууль эрх зүйг нарийвчлан, тодорхой болгохын төлөө ажиллаж байна." гэж хэлсэн юм.

“Дун-Эрдэнэ-Улз” ХХК-ийн захирал, Л.Лхагвасүрэнгээс уул уурхайн салбарын хамгийн онцлох сэдэв алт олборлолтын асуудал байдаг. Монголын газар нутагт алт олборлолтын одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. Тэрээр геологи, уул уурхайн салбарт олон жил ажиллаж яваа мэргэжлийн, туршлагатай зөвлөх инженер, хүндэт прфоессор хүн юм.

Зөвлөх инженер Л.Лхагвасүрэн “Алтны форум цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо. Алтны салбарын асуудлын зэрэгцээ эрдэс, баялгийн эрэл хайгуул, геологийн судалгааны түвшинг харьцуулж, тооцох ёстой. Сонгодог зах зээлийн салбарт бүх улс үндсэтсэн, ард иргэдийн эрх ашгийг байнга хөндөж байдаг алтны хйагуул, судалгаа, олборлолт зэрэг асуудалд цогцоор хандах шаардлагатай гэж би мэргэжлийн хувьд үздэг. Алтны форумын хэлэлцүүлэгт хөндөж буй асуудлууд амьдралд бодит байх хэрэгтэй. 1960-аад оноос хойш Монголын геологичдын тогтоосон алтны нөөцийг “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд олборлож дуусч байна. Энэ хөтөлбөрийг үргэлжүүлж буй одоогийн нөхцөлд геологийн судалгааг эрчимжүүлэх асуудал хамгийн чухал юм.

Ер нь алт хайх болон геологийн судалгаанд байгаль, газар нутгийн алтны олборлолтонд хөндөгдсөн талбай бол 0,1 хувь л байгаа. Ерөнхийдөө алтны судалгаа, тархалт, үүсэл, хуримтлал бүгдийг судалж, шинжилсний үндсэнд алт олборлолтын асуудлыг хэлэлцэж байвал амжилттай байх юм. Гэтэл нэг тал руу туйлширсан байдалтай, татвар цуглуулах зэрэг хүрээнд ханддаг нь буруу байна. Хувийн хэвшлүүд алт олборлох лиценз авч,  алт олборлолтын асуудлыг үүрдэг. Тиймээс төр, хувийн хэвшлийн харилцааны асуудлыг ойртуулж, зохицуулах асуудал энэ форумд онцлон тавигдаж байна.

Миний үзэж байгаагаар геологи хайгуул болон алт олборлох асуудал мэргэжлийн салбарын ажил байдаг. Дуртай хүн тэнд очоод газраас дээж авч, шинжлээд, алт олборлолт хийгээд байдаг ажил биш. Тусгай мэргэжлийн шинжлэх ухаан байдаг учраас мэргэжлийн дагуу хөгжих ёстой. Дараа нь эдийн засгийн ашигтай бол олборлох ёстой. Энэ салбар бол хүнд үйлдвэрт хамрагддаг. Эдийн засгийн ашиггүй бол алт олборлохоор газар нутгийг хөндөх шаардлага байхгүй. Ийм харилцааг төрийн хяналтанд, дэмжлэгийн дагуу зохицуулах шаардлага тулгарч байна.” гэж ярьж, зөвлөлөө.

www.ardchilal.mn Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу