Б.Базаррагчаа: Франц Улсын Нийгмийн хамгааллын газраас зургаан сар ажилгүй байсны мөнгө авдаг

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 3 дугаар чуулга уулзалт гурав дахь өдрөө хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэнгээр үргэлжилж байна. Энэхүү чуулга уулзалтанд оролцсон төлөөлөгч Б.Базаррагчаатай уулзлаа.

Парис хотод амьдардаг, хөгжмийн зохиолч, удирдаач, дуучин Б.Базаррагчаагаас Франц Улсад амьдардаг гадаадын иргэдийн нийгмийн хамгаалалын талаар ярилцлаа.

-Франц Улсад монголчуудын нийгмийн хамгаалал, ажиллах эрх яаж зохицуулагдаж байгаа вэ?

-Миний хувьд Парис хотод сургуульд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Франц Улсад ажиллаж, амьдрах эрхтэй гадаадын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал их сайн хангагдсан байдаг. Ажил хийсэн л бол авах ёстой цалин, нийгмийн даатгалын шимтгэл, бүх татвар зэрэг хуулийн дагуу хэрэгждэг юм.

Хэрэв Франц оронд монгол хүн очоод, ажиллах эрх байхгүй бол хэн нэгэн хүнтэй тохироод хараар ажилладаг тохиолдол байгаа ажиглагддаг. Хараар ажилладаг хүмүүс хөдөлмөр хамгаалал муутай, татваруудаа төлдөггүй. Тиймээс манай улсын Засгийн газар амьдрах гэж зүтгэж, гадаадад гэр бүлээрээ юм уу ганцаараа нэгэнт гарчихсан иргэнд визний асуудлыг шийдэх хэрэгтэй.

Тэдэнд жуулчны визээр биш ажиллах эрхийн визээр гадаад руу гаргах боломжийг Засгийн газар, яам тамгын газар шийдээд, ард түмнийхээ аж амьдралд тус дэм болоосой гэж хүсэж байна. Франц Улсад очоод ажиллах эрхтэй ажиллахад цалингаас нь 10-аад төрлийн татвар авдаг. Үүнд, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл ч багтдаг юм.

Ажиллаж байгаа гадаадын иргэд түр болон байнгын хоёр төрлийн гэрээтэй. Жишээ нь,түр гэрээгээр зургаан сар ажиллаад гарсан бол Франц Улсын Нийгмийн хамгааллын газраас зургаан сар ажилгүй байсны мөнгө авдаг. Гэхдээ хамгийн гол нь Францын Засгийн газар гадаадаас ирсэн иргэдэд, жишээ нь, монгол хүнд ажиллах эрхийг зөвшөөрөхгүй, хэдэн сар, жилээр ч хамаагүй удаан байлгаад байдаг.

-Тэгвэл Франц Улсад амьдардаг монголчуудын ихэнх нь хараар  байдаг гэсэн үг үү?

-Франц Улсад очоод, амьдрах эрх гуйх хүсэлт, өргөдөл гаргасан ч маш удаан асуудлыг шийддэг.

-Гол төлөв ямар хугацаанд шийддэг юм бол?

-Ер нь доод тал нь хоёр жил, дээд тал нь 10 жил хүлээдэг хүмүүс олон бий. Гэхдээ гадаадын бусад орнуудаас цагаачид Франц Улсад амьдрахыг хүсдэг. Тэр болгонд энэ эрхийг өгддөггүй. Парис хотод монголчуудын ихэнх хувь нь ажил хийх эрхийн бичиг баримтгүй ажиллаж, амьдардаг.

-Яагаад?

-Олон улсын цагаачид их багаас шалтгаалж, ажиллах эрх өгөх эсэхээ судалж, ямар мэргэжилтэй, цаашид амьдрах чадвар байна уу  үгүй юу гэдгийг шалгадаг. Маш их цагаачидтай хот шүү дээ.

-Ажиллах эрхийг гадаадын цагаач иргэдэд удаан шийддэг юм бол яагаад монголчууд Франц Улсыг зорьдог юм бол. Ер нь Парис хотод монголчууд хэр их амьдарч байна вэ?

-Сүүлийн жилд манай улсын хөдөө, орон нутгийн иргэд гадаад руу явна гээд учир зүйгээ олохгүй, сэтгэлийн хөдлөлөөр Франц Улс руу гэх мэт гадаад орон руу яваад байна гэж би ажиглаж байгаа. Хөдөөнөөс ирсэн монголчуудын хувьд тэнд ажил олдохгүй хэцүү л байдаг. Улаанбаатар хотын монголчууд Франц Улс руу бараг очихгүй болсон. Монголчууддаа хандаж хэлэхэд Франц болон бусад гадаад орныг сайн судалж байж очоорой.

-Гадаадын ямар орнуудын хүмүүс Франц Улсад очиж, ажиллаж байгаа вэ?

-Африк, Тунис, Алжир, Мароко, мөн Испани, Итали орноос хүмүүс Франц Улсад очиж, ажил хийдэг.

www.ardchilal.mn  Ярилцсан Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу