Д.Янжиндулам: Германы хуулиар хэрвээ ээж, аавын нэг нь нас барвал үр хүүхэд нь тэтгэврийг үргэлжлүүлэн авдаг онцлогтой

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 3 дугаар чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг МҮХАҮТ-д үдээс хойш эхэлнэ.

Чуулга уулзалтын хүрээнд гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд олон чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, амжилттай өндөрлөв. Энэ үеэр гадаадын орнуудад иргэн хүнд нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн шийдэж, үйлчилдэг талаар Д.Янжиндулам оролцогчоос тодрууллаа.

Тэрээр Улаанбаатар-Герман-Монголын хамтын нөхөрлөл" ТББ-ын тэргүүн, инженер багш байсан, Герман Улсад 20 гаруй жил амьдарч байна.

-Манай улс гурван улстай нийгмийн хамгааллын асуудлаар хэлэлцээр байгуулсан байна. Тэгэхээр хилийн чанадад байгаа монголчуудын нийгмийн хамгаалалд одоо ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг чуулганаар хэлэлцсэн нь олон талтай. Үүнд, нийгмийн даатгалын асуудал яригдаж байна. Манай төр, засаг, монголчуудын хувьд явуургүй аргаар нийгмийн хамгааллын асуудлыг шийддэг. Монголд ажил хийсэн хүний цалингаас шимтгэл, татвар авчихаад хариу үйлчилгээ иргэнд бараг очдоггүй. Энэ талаар би хатуу бөгөөд үнэнийг хэлье гэж бодож байна.

Гадаадад амьдардаг монголчуудын нийгмийн даатгалын системийг манай төр, засаг анхаарч, шийдэх ёстой. Хувь хүн өөрөө энэ асуудлаа хөөцөлдөөд явахад бүтэхгүй. Даатгалын асуудал дэлхийд 200-аад жилийн өмнө бий болсон. Даатгалын систем тогтсон үед иргэн хүнд эргээд идэвхитэй үйлчилдэг ач холбогдолтой байх ёстой. Мөн энэ нь иргэн, улс хоёрт ч ашигтай.

Нийгмийн даатгалын хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газрын хооронд хийхгүй бол  гадаадад очоод хувь хүнд энэ асуудал үйлчлэхгүй. Бусад орнуудад даатгал төрөлжсөн байдаг. Жишээ нь, биеийн тамирчид хуруу, гар, бусад эрхтэн зэргээ даатгуулдаг. Герман Улсад тэтгэврийн даатгал маш энэрэнгүй үйлчилдэг юм. Германы хуулиар хэрвээ ээж, аавын нэг нь нас барвал үр хүүхэд нь тэтгэврийг үргэлжлүүлэн авдаг онцлогтой. Мөн ажилтан ямар нэгэн аваар, осолд орж, хөдөлмөрийн чадваргүй болвол ажил олгогч бүх насаар нь даатгалд хамруулах ажлыг хариуцдаг гэх мэтчлэн зохицуулалтыг хуулиндаа оруулсан байна.

www.ardchilal.mn Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу