ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО”-НЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-иудын III чуулга уулзалт”-ыг зохион байгуулж байна.

Чуулга, уулзалтын хүрээнд 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбооны төлөөллүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, ярилцсан юм. Тэд хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажилладаг.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амьдран буй улсдаа элэг нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй төрийн бус байгууллагын төлөөллүүдэд талархал илэрхийлээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. Мөн хилийн чанадад буй монголчуудад тулгарч буй зарим асуудал нааштай шийдэгдэж, үр дүн гарч байгаад өнгөрсөн жилүүдийн чуулган, ТББ-иудын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг онцлон дурдаж, тулгарч буй зарим асуудлын хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо”-ны тэргүүн Н.Номун-Эрдэнийн хэлснээр Засгийн газар, Гадаад харилцааны яам хилийн чанад дахь монгол иргэдэд зориулсан бодлого хэрэгжүүлж эхэлснээр монгол иргэдийн нөхцөл байдал сайжирч, мөн консулын үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа хийж эхэлсэн тул цаашид консулын газруудын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ойр болно гэдэгт иргэд итгэлтэй байна. Одоогоор зарим улсад ажиллаж байгаа иргэд тухайн улсдаа нийгмийн даатгал төлж, Монгол Улсаас тэтгэвэр авах хууль эрхзүйн орчин бүрдсэн хэдий ч энэ бодлогыг илүү олон улсад хэрэгжүүлэх асуудлаар эрх баригчдыг хичээл зүтгэл гарган ажиллахыг хүсч буйг уламжилсан юм.

Мөн албан бус тоогоор 41 мянга гаруй оюутан гадаад улсад суралцаж, чанартай академик боловсрол эзэмшиж байгаа ч Монгол Улсдаа ирж ажиллах нөхцөл боломж одоо хэр бүрдээгүй байгаа нь Монгол Улс дахь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа дутмаг зэрэг асуудлаас үүдэлтэй гэж 23 улсад байгуулагдсан оюутны холбоод санал нэгтэй байдаг. Тиймээс эдгээр асуудлыг чуулганы үеэр ярилцсан бөгөөд Засгийн газар, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагууд оюутны холбоодтой нягт хамтран ажиллаж юун түрүүнд тооцоо, судалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн талаар танилцуулав.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад буй иргэдэд тулгарч байгаа зарим асуудлыг шийдвэрлэх талаар хэлж, цаашид тооцоо судалгаа хийж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд Монголын соёлын өдрүүд зохион байгуулах, гадаадад буй монгол хүүхдүүдэд монгол хэл, уран зохиол зэрэг хичээл заах, өв соёлоо өвлүүлэх, гадаадад буй иргэдийн Монгол орондоо оруулж болох хувь нэмрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу