"Эрдэнэс таван толгой"-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг шалгаруулна

Өчигдөр “Эрдэнэс Таван Толгой” компаниас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.  Одоогийн байдлаар "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалт болжээ.

Компани ТУЗ-даа нийт арван гишүүнтэйгээс П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ нар хараат бус гишүүнээр ажилласан байна.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ш.Мөнхцэрэн хараат бус сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэх иргэний материалыг энэ сарын 17-ны 11.00 цаг хүртэл хүлээн авах аж.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарласны дагуу дараах дэлгэрэнгүй материалыг мэдээлж байна.

Хараат бус дөрвөн гишүүнд нэр дэвшигчдийг дараах нийтлэг шаардлага, чиглэл тус бүрээр заасан тусгай шаардлагын дагуу сонгох юм байна. 

Сонгон шалгаруулалтын нийтлэг шаардлагуудаас онцлоё.

1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;

2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй, бөгөөд тухайн компанитай өрсөлдөх адил төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх;

3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;

4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй;

5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;

6. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;

7. Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;

8. Ял, шийтгэлгүй байх;

9. Зээл, батлан даалт, баталгааны хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх

10. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.

Тусгай шаардлагад ямар чиглэл:

Олон улсын эдийн засаг, санхүүгийн чиглэлээр - 1:

a)Эдийн засаг, санхүү, олон улсын харилцааны аль нэг мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;

c)Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан удирдах албан тушаал эрхэлж байсан ажлын туршлагатай байх;

d)Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх;

e)Томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийх туршлагатай байх;

1. Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээлийн чиглэлээр - 1

a)Бизнес, хөрөнгийн удирдлагын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;

c)Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх /олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;

d)Дотоод гадаадын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах ажилд оролцож байсан туршлагатай байх ;

e)Санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай байх.

2. Хууль эрх зүйн чиглэлээр - 1

a)Эрх зүйч эсхүл олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх, үүнээс 5-аас доошгүй жил хуульчаар ажилласан байх;

c)Хуульчийн мэргэшлийн шалгалт өгч, эрх авсан байх /олон улсын хуульчийн мэргэшлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;

d)Хөрөнгийн зах зээл, татвар, бизнесийн эрх зүйн чиглэлээр компани, аж ахуйн нэгж, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх;

e)Уул уурхайн салбарт хөрөнгийн зах зээл, IPO чиглэлээр ажиллаж байсан туршлага давуу тал болно.

3. Уул уурхайн чиглэлээр -1

a)Уул уурхайн инженер, эдийн засгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Уул уурхайн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно;

c)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

d)Нүүрсний уурхайд эдийн засаг, төлөвлөлт, хяналт, менежментийн чиглэлээр ажиллаж байсан, уул уурхайн төслүүдэд шинжээч, зөвлөх хийж байсан бол давуу тал болно;

e)Компанийн засаглал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх. /IPOбосгосон төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно./

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу