ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн үргэлжилж байн

Монгол, Хятад хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” өчигдөр /2016.08.12/ Мишээл экспо төвд нээгдлээ. Үзэсгэлэн худалдааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Олон улсын худалдааны танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар дэмжин зохион байгуулж байгаа бөгөөд Хөх хот, Бугат, Шинейн, Хянган, Ляонин зэрэг таван аймгийн 64 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож хэлсэн үгэндээ “Манай яамны зүгээс Мал аж ахуй, газар тарилангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай,дотоодын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг бий болгож гадаадын зах зээлд гаргаж, эдийн засгийн шинэ чадавхийг бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хүнсний тухай” хуульд заасны дагуу “Органик хүнсний тухай” хууль, “Органик Монгол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ХАА-н салбар дахь үйлдвэрлэл худалдаа, хөрөнгө оруулалтын орчин улам бүр сайжирч, ялангуяа цэвэр байгалийн гаралтай болон хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад зах зээлд гаргах шинэ боломж гарч хоёр улсын хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь 11 жилийн турш Улаанбаатар хотноо болсон “Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын уулзалт” арга хэмжээний үндсэн дээр анх удаа бие даан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Монгол улсын экспорт, импортын худалдаа, хоёр орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц болох ач холбогдолтой арга хэмжээ юм.

Үзэсгэлэн худалдааны хүрээнд энэ сарын 13-нд буюу өнөөдөр “Органик ногоон бүтээгдэхүүн, аялал жуулчлал-2016” сэдэвт эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу