169 асуудлыг хөнддөг Тогтвортой хөгжлийн форум эхлэх гэж байна

9 дүгээр сарын 7-ны  өдрийн өглөө МУИС-ийн Номын сангийн 5 давхарт Тогтвортой хөгжлийн форум эхэлнэ. Энэ удаагийн форумын үндсэн зорилго нь Зүүн хойд азийн бүсэд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг идэвхижүүлэхийн тулд Засгийн газар болон судлаачдын тэргүүлэх санал, санаачилга, зорилгуудыг олон талын оролцоотойгоор тодорхойлоход оршиж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулган 2015 оны есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болоход “Тогтвортой хөгжил” хөтөлбөрийг хэлэлцэж батлажээ. Энэ хөтөлбөрийг батлахад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 30 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар оролцож 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна.

“Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 2012 онд Рио Де Жанейрод болсон НҮБ-ийн чуулганы үеэр анх санаачилсан түүхтэй аж. 2014 оны долдугаар сарын 19-ний өдөр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нээлттэй ажлын хэсэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн тогтвортой хөгжлийн 169 асуудлыг хөндсөн 17 зорилт бүхий удирдамжийг танилцуулжээ. Эдгээр зорилтууд нь дэлхийн ядуурал, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэнд болон боловсролыг дээшлүүлэх, хотуудын тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ой, далай тэнгисийг хамгаалах гэх мэт асуудлуудыг хөнддөг юм.

 

 

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу