Интернетийн хурд нэмэгдэж, хот, хөдөөд үнийн зөрүү ариллаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Шийдлийн цаг”-аар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт ажиллах үеэрээ интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж,

 орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг тус газрын дарга Ц.Жадамбаад даалгасан. Үүрэг болгосон чиглэлийн дагуу орон нутагт интернетийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгөх боломж бүрдлээ. "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатайгаар гүйцэтгэн, 16 аймгийн төвийг холбожээ. Ингэснээр орон нутагт интернетийн хурд гурав дахин нэмэгдэж, хэрэглэгчдэд хүргэх үнэ тариф хотынхтой адил болж байна. Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернетийн үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх нөхцөл бүрдэж, газарзүйн байршлаас үл хамааран интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэх боломж нээгдлээ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа орон нутгийн интернет холболтын нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.

1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжтай холбогдоогүй байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт 4 дүгээр сарын 1-ний дотор сүлжээний өргөтгөл хийж, интернетийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгч эхэлнэ.
Эх сурвалж: www.assa.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу