Өнөөдөр Д.Отгондалай Монгол түмнээ огшуулах болтугай

Д.Отгондалай гэж хэн бэ? Олон Улсын хэмжээний мастер Д.Отгондалай өнөөдөр Риогийн олимпийн хүрэл медалийн төлөө Алжирын боксчинтой тулалдахаар болсон. Тэгвэл бид энэ удаад түүний талаарх сонирхолтой мэдээллүүдийг уншигчдадаа хүргэж байна.

Д.Отгондалай 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн бөгөөд олимпийн наадамд анх удаагаа оролцож байгаа юм. Түүний хувьд 2014 оны  Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байр, 2015 оны Тайландын нийслэл Бангког хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус тус хүртэж байсан туршлагатай тамирчин билээ.

15 НАСТАЙДАА БОКСТ ХӨЛ ТАВИВ

Тэрбээр 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж. Харин сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлсэн байна. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтөй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ. Ингээд Д.Отгондалай тэр жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн боксын тэмцээнд амжилттай оролцож, амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Сахилгагүй жаалхүү боксоор хичээллэснээс хойш буурь сууж, нэг үгээр хэлбэл их л даруухан болсон гэдэг.

60 КГ-ЫН ЖИНД ТАСРАЛТГҮЙ 10 ЖИЛ ТОГЛОЖ БАЙНА

Оки 2005 онд Залуучуудын УАШТ-ий амжилтаараа Боксын шигшээ багт элссэн цагаасаа хойш өнөөг хүртэл 60 кг-ын жинд тоглож байгаа. Олон жил жингээ барих, жин хэлбэлзсэн үед хасч, нэмж тохируулна гэдэг тамирчин хүнээс асар их хөдөлмөр шаарддаг. Энэ жиндээ Монголд төдийгүй тивдээ тэргүүлж буй тэрээр цаашид ч мөн 60 кг-ын жингээрээ тоглох бодолтой явдаг.

Д.ОТГОНДАЛАЙ ГАДААД ХУДАЛДАА-ГААЛИЙН МЭРГЭЖИЛТЭЙ

Д.Отгондалай Гадаад худалдаа болон гаалийн удирдлага гэсэн мэргэжлээр “Зохиомж” дээд сургуулийг төгссөн. Гэхдээ 2008 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангид ажиллах болсон. Дэслэгч цолтой.

ГЭРГИЙГЭЭ НУТГААСАА СОНГОСОН

Түүний эхнэрийг Г.Хулан гэдэг бөгөөд инженер мэргэжилтэй, ШУТИС-д Геодизийн багшаар ажилладаг. Дорнод аймагт төрж өссөн тэрбээр Окитой айл хөршүүд байжээ. Харин оюутан цагаасаа үерхэж эхэлсэн аж. Д.Отгондалайнх нэг охинтой бөгөөд одоо 6 настай.

МОНГОЛ БИЧГЭЭР “БОКС” ГЭЖ ШИВҮҮЛСЭН

Түүний мөрөн дээрх шивээсийг зарим хүн могой юм уу гэж асуух нь бий. Энэ шивээсийг 2008 онд боксын Ж.Отгонбаяртай хамт  ижилхэн шивээс хийлгэе гэж ярилцаад каталоги харж байгаад Уйгаржин монгол бичгээр бокс гэдэг үгийг бээлийний хэлбэртэйгээр шивүүлж байжээ.

ОКИ СЭТГЭЛЗҮЙГЭЭР ЯЛАГДАХГҮЙ

Түүнийг өрөвч, зөөлөн сэтгэлтэй гэж ойр дотныхон нь хэлдэг. Тэрээр Казакстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохдоо Филиппин улсын тамирчинд 2:1-ээр хожигдож байжээ. Энэхүү тоглолтын шүүгч буруу шүүсэн гэж Монголын баг тамирчид үзэж байсан. Гэвч Оки би өөрөө л сэтгэлзүйн байдлаасаа болоод шүүгчийн өгсөн ялагдлыг хүлээн зөвшөөрчихсөн гэж ярьсан байдаг. Учир нь тоглолт эхлэхийн өмнө Филиппин тамирчин рингэн дээр гармагцаа түүнийг тун ч хүндэтгэлтэй үнсэж, өргөөд байсан нь манай хүнийг уяраачихсан гэдэг. Энэ үеэс Д.Отгондалай сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэх болсноор Азийн наадамд өнөөх Филиппин тамирчинтай ахин учраа таарахдаа илт давуу ялалт байгуулсан билээ. Одоо тэрбээр “Сэтгэлзүйгээр би хэнд ч ялагдахгүй” хэмээн бардам хэлжээ.

            Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Эхний зургаан өдрийн байдлаар нэг мөнгөн медаль хүртээд буй манай улсын баг тамирчид өнөөдөр маш чухал барилдаанууд болон тулаануудыг хийнэ. Тодруулбал өнөөдөр Монголын баг тамирчид жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Өчигдөр манай улсын хамгийн том найдвар болох олимпийн хос медальт, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр барилдаанаа хийж харамсалтайгаар ялагдсан билээ. Тиймээс өнөөдөр жүдо бөхийн төрлөөс медаль авах сүүлийн боломж юм. Мөн боксын төрөлд оролцож буй Д.Отгондалайд монголчууд нэлээд итгэл найдвар хүлээлгээд байна.

УСАНД СЭЛЭЛТ:

Олимпийн наадамд усан сэлэлтийн төрөлд оролцож буй Б. Есүй өнөөдөр тэмцээндээ оролцоно. Тэрбээр өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцоно. Б.Есүйгийн уралдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01.11 цагаас эхлэх бөгөөд тэрбээр манай тамирчдаас хамгийн залуу нь билээ.

БОКС:

Монгол Улсын боксын шигшээ баг Бразилыг зургаан тамирчинтай зорьсон. Одоогийн байдлаар Г.Ган-Эрдэнэ, Н.Түвшинбат нар тэмцээнээ өндөрлүүлээд байгаа юм. Тэгвэл боксчдын медалийн төлөөх өрсөлдөөн өнөөдрөөс эхэлнэ.  Эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалайгийн  Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хийх хүрлийн тулаан үүрийн 06.00 цагт болно. Түүнийг хөгжөөн дэмжигчид нь бүх ард түмнээ өнөөдөр огшуулна хэмээн уухайлж байна.

ЖҮДО БӨХ:

Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байна. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана.

Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.

Эх сурвалж: Tusgaar.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу