Ц.БАТ-ӨЛЗИЙ: БЭЛЧЭЭРИЙН ШИМТ УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ХОМСДОЖ, ЛУУЛЬ ШАРИЛЖ ГОЛЛОХ БОЛЛОО

Булган аймаг гурван сая гаруй толгой малтай. Энэ оны эхний хагас жилд аймгийн хэмжээгээр зуу гаруй мянган толгой мал хорогдсон бөгөөд хорогдлын шалтгааныг малын тарга хүч, өвс тэжээлийн дутагдал, ган зудаас болж байна гэж малчид, мэргэжилтнүүд үзэж байна.
Малын тарга хүч авахуулах, оторлох ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй уулзаж ярилцлаа.
- Мал тарга хүч хэр зэрэг авч байх шиг байна. Энэ жил зуншлага гайгүй байгаа.
- Энэ жилийн хувьд хур бороо элбэг бэлчээрийн гарц зарим нутагт сайн байна. Газрын гарцаа дагаад малын тарга хүч гайгүй байна. Ойрын жилүүдэд мал махан тарга авч чадахаа байлаа шүү дээ. Махан тарга сайн авсан мал чинь ер нь дараагийн жилийн өвлийг зүтгээд давчихна. Намрын эхэн сард мал жаахан өөхөн тарга авдаг тэр нь анхны хүйтнээр хайлаад алга болдог. Царги муутай мал дөнгөн данган хавартай золгож байгаа.
- Цаашдаа сүргийн чанарт ч нөлөөлж байгаа байх аа.
- Алсдаа таваарлаг байдалд нөлөөлнө. Үүлдэрлэг байдал болоод махны болон ашиг шимийн гарцад нөлөөлнө. Мал давжаараад жижигрээд эхэлж байгаа.
- Отроор мал таргалуулах ажил хийж байна уу?
- Хийж чадахгүй байна шүү. Малаа сайхан оторлон таргалуулах боломж олгохоо больчихлоо. Мал нь олдоод отрын ямар ч нөөц нутаг байхгүй болсон.
- Малчид газрын гарц, өвсний шим дагаад нутаг сэлгэх гэхээр өөр орон нутгаас малтай хүмүүс ирээд нутаглачихдаг. Тиймээс отор хийж чадахгүй байна гэдэг.
- Тийм явдал бий. Нутгаас гарахаар өөр хүмүүс ирчих гээд болдоггүй. Бас хаана ч сайхан оторлочих зэлүүд нутаг байхгүй байна. Тухайлбал Гурванбулаг сумын Авзага хайрхан, Нанзангийн хоолой, Өлийн өвөр зэрэг нутагт хэзээ зуны цагт мал барааддаг байлаа. Одоо зун намаргүй шал болтол талхлан мал маллаад байна.
- Нутагшсан мал тарга хүч аваад байх шиг санагддаг. Зарим малчид ч тэгж ярьж байсан.
- Өвөлжөө, хаваржааны буурин дээр байгаад байна гэж хэлэх хаашаа юм. Сумандаа л байсан мал тарга хүч аваад байх шиг байгаа юм. Өнгөрсөн жил зарим малчид нутгаасаа гараад аймгийнхаа гайгүй зуншлагатай гэж үзсэн газар ирээд сар бололгүй буцаад байсан.
Мал нь идээшдэггүй, тогтдоггүй гэнэ. Өвс, ус байгаад байдаг. Мал гэдэслэдэггүй. Тэгээд буцаад нөгөө нутагтаа очсон чинь дээрдлээ гэж малчид ярьж байна лээ. Бүс нутгийнх нь бэлчээрийн байдал, малын унаган дасан зохицсон орчин нь их нөлөөтэй байгаа.
Миний бодлоор малыг бэлчээгээд байсан ч бэлчээрээсээ элч энергээ нөхөж авч чадахгүй байна. Энерги уургаа нөхөж чадахгүй байгаагаас малын чанар чансаа муудаад байгаа шүү.
Дээхнэ үед бэлчээрт ургасан ургамлын нэр төрөл зүйл олон бэлчээрээс авдаг элч энерги сайн байх үед мал отроор таргалуулаад болдог байсан. Одоо бол малын бэлчээр лууль шарилжхан голлоод байна.
-Энэ жил зарим нутгаар ягаан цэцэг их ургаж туяарлаа. Зарим хүмүүс үүнийг сайн ургамал биш гэх нь байна.
-Бэлчээрийн шимт чанартай ургамлын төрөл зүйл хомсдож байна шүү дээ. Нил цэнхэр, цагаан, ягаан цэцэг байна. Тэр бас л бэлчээрийн ургамлын төрөл зүйл солигдож байгаа шинж. Сайн ургамал л лав биш байх.
-Мал аж ахуйн хувьд одоо ямар арга хэмжээ авах шаардлагатай байна гэж боддог вэ?
-Цаашдаа малаа цөөлж, чанаржуулж, бэлчээрээ сэргээх ажил, бодлого зайлшгүй чухал байна даа.
М.Батжаргал

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу