Т.ОЧИРХҮҮГИЙН "АРГАМЖААНЫ ЧУЛУУ" ШҮЛГЭНД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОЖЭЭ

Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Монголын нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийг алдаршуулсан гэрэлт хөшөө түүний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд сүндэрлэлээ. 
Нэрт яруу найрагчийн энэхүү шүлгийн гэрэлт хөшөөний нээлтэд сум орны удирдлагууд болон МЗЭ-ийн Говь-Алтай аймгийн Хантайшир салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Чардаг нар болон Т.Очирхүү агсаны үр хүүхэд төрөл төрөгсөд уугуул нутгийн иргэд оролцсон юм.

Мөн үеэр Т.Очирхүү агсаны охин О.Буянаа баярын сэтгэгдлээ хуваалцан аавынхаа “Охиндоо зориулсан шүлэг”-ийг уншиж, аавыгаа эргэн дурсаж бахархаж явдгаа илэрхийллээ.  Мөн нээлтэд оролцсон ард иргэд Т.Очирхүү гуайн зохиосон “Аргамжааны чулуу”, ”Чулууны магтаал” зэрэг шүлэг зохиолоос уншиж ”Эмчийн алдар”, “Оюутан ахуй цагаа дурсана уу” ”Урам хайрла” зэрэг дууг дуулж нэрт яруу найрагчаа дурсан хүндэтгэв. Гэрэлт  хөшөөг тус сумын Алтансоёмбо багийн үүсэн байгуулагдсаны 60 жил болон нэрт яруу найрагчийнхаа 75 нас тохиож байгаатай холбогдуулан үр хүүхэд төрөл төрөгсдийн хандиваар  бүтээн босгожээ.           
Түүчнлэн уг шүлгэн хөшөөг санаачлагч Боловсрол судлалын магистр, Монгол Улсын зөвлөх багш Д.Батсүрэн судлал шүүмжлэлийн нэрт төлөөлөгч Д.Өлзийбаярын хамт ”Уулын найрагч Тоомойн Очирхүү” хэмээх судалгаа шинжилгээ, дурсамжийн бүтээлийг монголын өргөн олон уншигчдын хүртээл болгоод байгаа ажээ.
Т.Очирхүү нь 1943 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрж бага дунд сургууль, АУДС (одоогийн ЭМШУИС), ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи төгсчээ. Тэрээр 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг эмчийн мэргэжлээр төгсөж Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Монголын радио, Засгийн газарт ажиллаж байсан юм.
Түүний олонд хүрсэн бүтээлүүдээс дурьдвал:  “Ильичийн хуучин хүрэм”, “Аргамжааны чулуу”, “Эмээл”, “Найрагчийн өрөөнд”, “Гэрлийн тухай бодол”, “Урам хайрла”, “Чулууны магтаал” зэргийг бүтээлийг онцолж болох юм. Түүнчлэн “Сэтгэлийн үер”, “Тэнгэрийн хаяаны од”, “Алтайн унага” номнуудаа хэвлүүлж байжээ.
 
Э.Нарангэрэл
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу