ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНААР ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХӨНДӨЖ БАЙВ

1945 оны энэ өдөр ЗХУ, БНМАУ Япон улсад дайн зарлаж байсан чөлөөлөх дайны түүхэн өдөр юм. Энэ өдрийн талаар түүхчид улстөрийн талаас өгүүлэхдээ, тухайн чөлөөлөх тулалдаан нь ӨМӨЗО-ны тусгаар тогтнолын асуудлыг хөндөж, Өвөр Монголд амгалан тайван байдлыг тогтоох, ингэснээр БНМАУ-ын аюулгүй байдлыг хангах зорилго тавьж байсныг, үүнтэй зэрэгцэн эх орноос урваж, тэр үеийн хэллэгээр хуьсгалын эсэргүү, Японы тагнуул, гар хөл олсон хүмүүсийг илрүүлэн баривчилж БНМАУ-д авчирч хувьсгалт хуулийн дагуу шийтгэх, түүнчлэн 1930-аад оны эхээр БНМАУ-аас Өвөр Монголд дүрвэн гарч суурьшиж байсан айл өрхүүдийг буцааж авчрах зэрэг улстөрийн шинжтэй үйл ажиллагааг явуулж байсныг эргэн санаж байна. Дээрх зорилтууд нь тухайн үедээ улс орны тусгаар тогтнолоо гадаад ертөнцөд улам батжуулан бэхжүүлж энхтайван байдлыг хангахад чиглэж байжээ. 1945 оны чөлөөлөх дайнд Монголын Ардын хувьсгалт цэргийн 42 мянган цэрэг, офицер оролцжээ.
Энэ дашрамд дурдахад энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхэн энэ ялалтыг ойг манай улс ОХУ-тай хамтран тэмдэглэхээр шийдээд байгаа талаар БХЯ-наас мэдээлж байна. Тодруулбал, ОХУ-ын Засгийн газраас Эрхүүгийн Байгалийн улсын их сургуулийн дэргэд байгуулсан төвийн төлөөлөгчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөрөө уялдуулах, хэрхэн зохион байгуулах талаар ярилцжээ. Ирэх есдүгээр сарын 20-нд Эрхүүд болох уулзалтаар хоёр талын хэрэгжүүлэх төлөвлөгөө болон хамтран хийх ажлуудаа нэгтгэн ярилцахаар болсон байна. Халх голын ялалтын 80 жилийн ойг хоёр улс хамтран тэмдэглэх талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ОХУ-д айлчлах, олон улсын арга хэмжээнд оролцохдоо ярилцан тохирсон байна. Үүний дагуу Засгийн газраас байгуулсан Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг анхны хуралдаанаа хийгээд байна. Ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшин ахлаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу