“БАРУУН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВАА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Алтай нутгаас төрөн гарсан анхны эрэгтэй мэргэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын мэргэн “Засагт хан” клубын ерөнхий дасгалжуулагч Б.Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх “Баруун бүсийн чуулга харваа” тэмцээнийг наймдугаар сарын 18, 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших “Эрээн нуур” байгалийн цогцолбор газарт зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сурын харвааны бүх төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэх зорилгоор энэхүү харвааг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Үндэсний Сурын Холбоо, Говь-Алтай аймгийн Үндэсний Сурын Холбоо хамтран зохион байгуулж буй юм.
Харваа нь Монголын үндэсний сур харвааны цуваа харвааны дүрмийн дагуу явагдах ажээ. Тэмцээний бай шагналыг онцолвол, эрэгтэй, эмэгтэй нэгдүгээр байр тус бүр өргөмжлөл медаль, гурван сая төгрөг, хоёрдугаар байр өргөмжлөл медаль, хоёр сая төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл медаль, нэг сая, таван зуун мянган төгрөг, дөрөвдүгээр байр өргөмжлөл медаль, нэг сая төгрөг, тавдугаар байр өргөмжлөл медаль, найман зуун мянган төгрөг, 6-10 дугаар байр өргөмжлөл, тавин мянган төгрөг, 11-30 дугаар байр өргөмжлөл, хорин мянган төгрөгөөр шагнаж урамшуулах гэнэ.
Тэмцээнд оролцох хүсэлтэй харваачид энэ сарын 15-аас 16-ны өдрийн 17 цаг хүртэл Говь-Алтай аймгийн Үндэсний сурын холбооны facebook хаягаар бүртгүүлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг 94949418, 91118767, 86100186 дугаарт холбогдон авах боломжтой юм.

Э.Нарангэрэл

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу