МАН-ын Төрийн нарийнууд ард түмэнд гологдож эхэллээ

Өчигдөрхөн дэд сайдуудыг томилж дууссан МАН-ын Засгийн газар удахгүй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох гэж байна.

Гурван яамныхаас бусад төрийн нарийн бичгийн даргыг албан ёсоор томилоогүй ч аль хэдийн тодруулчихсан гэнэ. Ингэснээр гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох нь.

Тодруулбал, 

- Сангийн яам - Х.Ганцогт /ТНБД асан/
- Хууль зүй, дотоод хэргийн яам - Б.Баясгалан / ТНБД асан/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - У.Бямбасүрэн /ТНБД асан/

- Батлан хамгаалахын яам - н.Эрдэнэбаатар, Ц.Амгаланбаяр, Х.Батбилэг гэх гурван нэр яригдаж байна.
- Барилга хот байгуулалтын яам - Л.Манлайсүрэн
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Б.Баярсайхан /жүжигчин - Б.Амарсайханы эгч/

-  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам - Л.Баяртулга /газрын дарга асан/
- Эрчим хүчний яам - Ч.Саранжав
- Эрүүл мэндийн яам - Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Д.Зоригт /Уул уурхай эрчим хүчний сайд асан/ нарыг тус, тус томилохоор болжээ.

 

Эрх баригчид олон нийтийн шүүмжлэл дор дэд сайдуудыг томилсон. Учир нь МАН-ын дэд сайд нар иргэдэд таалагдаагүй юм. Мөн эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ цагт заавал дэд сайдын шаардлагатай эсэхэд эргэлзэж буй хүн олон. Ердөө нэг жилийн өмнө дэд сайдын албан тушаалыг цомхотгож төсвийн мөнгийг хэмнэхийг МАН-ынхан шаардаж байсан. Тэгсэн мөртлөө Засгийн эрхийг барингуутаа нөгөө шаардлагагүй албан тушаалын суудлаа өөрсдөө бөглөөд ирэхлээр иргэд бухимдах нь аргагүй юм. Дэд сайд гэж бэлэгдлийн чанартай хийсэн ажилгүй, хариуцлага ч хүлээдэггүй албан тушаалтан. Тэгсэн хэрнээ дэргэдээ зөвлөхтэй, туслахтай, жолоочтой. Утас, унааны зардал, туслах, зөвлөх, жолоочийнхоо цалин гэсэн зардлуудаа улсаас даалгана.  Нэг дэд сайдын дор хаяж гурван хүн ажиллана гэхээр 50 орчим хүнийг төрд зүгээр л шахаж байна. Хаана байна тэр төсвийн хэмнэлт.

МАН-ынхан дэд сайдын томилгоогоороо бүлэг фракцуудынхаа эрх мэдлийн шуналыг нь дарахаар хичээж буйгаа харуулсан гэж хэлж болно. Тэгвэл Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоон дээр ч тус намын бүлэглэлүүдийн тэмцэл ширүүн өрнөсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН дотор Төрийн нарийн бичгийн дарга болох гэсэн олон хүн байсан гэнэ. Тэдгээрээс намдаа хамгийн их хандив өгсөн сонгуулийн үеэр эдийн засгийн болоод бусад зүйлээр ихэд тусалсан хүмүүсийг Төрийн нарийн бичгийн дарга болгохоор сонгожээ. Нэг ёсондоо мөнгөний томилгоо хийсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
 Тухайлбал, сонгуулийн үеэр МАН-ын сурталчилгаанд тоглосон жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох гэж байна. Хоёр сонгууль дараалан АН-ыг дэмжиж байсан жүжигчинБ.Амарсайхан гэнэт МАН-ыг дэмжсэн учир нь энэ байж хэмээн олон нийт хардаж байна. Ямар нэгэн том ажлын цаана заавал эрх ашиг бий. Жүжигчин дүүгийнхээ ачаар Төрийн нарийн бичгийн дарга болох гэж буй энэ эмэгтэй сэтгүүлч, хуульч мэргэжилтэй. “Ийгл” телевизийн анхны монгол эмэгтэй захирлаар ажиллаж байжээ. Харин боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай эсэх мэдээлэл байхгүй байна.

Мөн Монгол Улсын аюулгүй байдлын гол тулгуур Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар буу барьж, цэрэг командалж үзээгүй улс төр дагаж доншуучилсан мэргэжлийн бус хүн томилох гэж буйг тус салбарынхан ихээхэн эсэргүүцэж буй сурагтай. Тэр дундаа цагдаа, онцгойд ажиллаж байсан  Ц.Амгаланбаяр болон Х.Батбилэг, н.Эрдэнэбаатар гэх хүмүүсийн нэр дуулдаж байна.  Өнөөдөр батлан хамгаалах салбарт байлдагчаас, сонсогчоос ажлын гараагаа эхэлсэн олон шилдэг офицер, генералууд байна. Бусад салбарыг бодоход мэргэжил, ур чадвараа системтэйгээр хамгийн сайн дээшлүүлсэн, ажлын арвин туршлага, сургамжтай, бүрэн хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй газар бол Зэвсэгт хүчин өөрөө. Салаан захирагчаас эхлээд шат дараалан ажилласан, доод тал нь гурван шатны цэргийн  сургууль төгсч, хоёроос гурван академи дүүргэсэн, салбартаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн олон офицер, генералууд байна. Харамсалтай нь, Мэргэжлийн хэмээх тодотголтой Засгийн газар онцлогтой салбарт хүртэл нам дагасан нөхдүүдийг томилохоор зүтгүүлж байгаад Зэвсэгт хүчнийхэн, цэрэг эрчүүд дургүйцэж хүлээж авч байгаа аж. Энэ бол салбарын онцлогийг харж мэргэжлийн хүнийг томилох бус зөвхөн намдаа мөнгө хандивлагч хэн нэгнийг албан тушаалд томилсон болж оромдсон үйлдэл шиг харагдаж байна.

 

        Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргааралдарт Д.Зоригт томилогдохоор зэхэж байгаа гэнэ.Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь “өвдөг шороодсон”-ы дараагаас тэрээр нам, жим болсон билээ. Өөрөөр хэлбэл ялагдлынхаа  дараа гадагшаа мөрөө хөөсөн МАН-ын олон гишүүний адил тэрээр хилийн чанадад хэсэгтээ амьдарсан юм. Сайн ахынхаа нэрээр улс төрд хөл тавьсан тэрбээр Оюутолгойн гэрээг гардан хийсэн "Ялтан"-уудын нэг. Үүнийхээ төлөө ноён Фрийдландаас чамгүй шан хүртсэн гэж хэвлэлүүдэд бичдэг.

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой ойлгомжгүй асуудалтай тулгарахад тэрбээр гадаадад нуугдаж байлаа.  Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээг нь зураагүй юм шиг л ор  сураггүй байгаа нь ёс суртахууны хувьд ямар хүн гэдгийг нь хэлнэ. МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон  зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн.   Манайд энэ мэт албан тушаалгүй хоцорч, хийсэн хэргүүд нь шалгагдах болоход гадагшаа зугтаж, 4 жил нуугдаж байгаад сонгуулийн үеэр дахин гарч ирдэг моод бий болчихоод байгаа. Үүний бодит жишээ нь, Д.Зоригт юм. Өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар хэссэн шигээ амьдарсан тэрбээр өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн гэнэт ичээнээсээ гарч ирж, чингэлтэйчүүдийг 300-аад сая төгрөгөөр Чингис зочид буудалд "шинэ жилдүүлсэн” гэж зарим хэвлэлд онцолжээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг алагдсаны дараа ахынхаа нэрээр шоу хийн "Төрөө засна" хэмээн улс төрд хөл тавьсан хэдий ч төрд ороод биеэ засахаар мэрийсэн нэгэн ч гэдэг.

Энэ мэт мэргэжлийн Засгийн газрын мэргэжлийн бус мөнгөний томилгоо төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоон дээр ч мөн харагдаж байна. "МАН уяад давхихгүй, уралдаад шалихгүй улиг, домог болсон нөхдүүдээ албан тушаалд томилдог байдлаа одоо болимоор юм. Намынхаа музейд л тавина биз" гэсэн шүүмжлэл ч олон нийтийн дунд хөвөрч байна. Улс орны чухал салбарт мөнгөтэй хүн биш мэргэжлийн, мэргэшсэн, боловсрол мэдлэгтэй залуус ажиллах цаг хэдийнэ болсон.

Т.Энхэлээ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу