НАРНЫ ХОРООЛЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нарны хороолол буюу Баянгол дүүргийн III хороонд 2017 онд барьсан сургууль, цэцэрлэгийг улсын мэдэлд авах шийдвэр гаргасныг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэв.

“Хурд” группын барьсан тус цэцэрлэгийг улсын мэдэлд авах хүсэлтийг Баянгол дүүргийн III хорооны 5700 орчим иргэн Засгийн газарт гаргасан байна. Тиймээс Сангийн яам, Барилга хөгжлийн төв, БСШУЯ-ны ажлын хэсэг хамтран судалж, Засгийн газрын хуралдаанаар оруулсныг сайд дурьдлаа.

Тэрбээр, “Сургууль, цэцэрлэгийг барьсан өртөг өндөр байна. Тиймээс “Хурд” групптэй үнэ өртгийг эцэслэн шийдэх асуудлыг Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, БСШУЯ-ны баг судлах болсон. Би өчигдөр энэ сургууль, цэцэрлэгийн барилгатай танилцсан. Энэ үеэр иргэд энэ сургууль, цэцэрлэгийг улсын мэдэлд авах талаар хоёр жил дараалан тэмцэл өрнүүлж, эцэг эхчүүдийн төлөөлөл сайн дурын байгууллага байгуулсан тухайгаа хэлж байсан. Сургууль нь нэг ээлжинд 960, хоёр ээлжээр хичээллэсэн тохиолдолд 2000 орчим хүүхэд хүлээж авах боломжтой юм. Мөн энэ сургууль тоног төхөөрөмжөөс эхлээд бүх зүйл нь бэлэн байгаа учир БСШУСЯ-наас захирлыг нь томилоод хүүхдүүдээ шууд хүлээж авах боломжтой. Цэцэрлэгийн тухайд 280 хүүхдийн багтаамжтай” гэлээ
Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу