УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТЫГ ХААЛТТАЙ ХУРАЛДААНААР ШҮҮЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өнөө өглөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүхэд эхлээд байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүж буй бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ. Түүнийг Г.Бахытгүл гэгч эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган хаалттайгаар шүүж байна. Шүүх хурлаас гарах шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.

Ж.Батсайхан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу