ОЮУТАН ЦЭРГҮҮД ЭНЭ САРЫН 17-НД ХАЛАГДАНА

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа залуусыг энэ сарын 17-нд хугацаат цэргийн албанаас хална. Гурав дахь жилдээ Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байгаа дээрх хөтөлбөрт энэ жил 50-иад оюутан хамрагджээ.

Залуус зургадугаар сарын 18-наас эхлэн алба хаах хугацаандаа “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалтад хамрагджээ. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар оюутан цэргүүд дээр зочлов.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүд жагсаалын үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, жагсаалын сүр хүчийг гайхуулан, эр цэргийн албыг амжилттай хааж буйгаа нотоллоо.
Монгол Улс 2013 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа бакалаврын өдрийн ангийн 18 насанд хүрсэн нэгдүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг хаадаг хуультай.
Д.Дэлгэрмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу