МАН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЭВ

МАН-ын удирдлагууд өнөөдөр УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүллээ.

Тус намын Бага хурал өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Ингэснээр зургаан нам СЕХ-нд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлээд байна. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 06-нд Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам хүсэлтээ хүргүүлсэн юм.

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу