А.ГАНБААТАР: Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ХЭТЭРХИЙ ИХ ЗҮЙЛД ШУНАЛТАЖ БАЙНА

60 тэрбумын асуудалд нэр холбогдсон МАН-ын гишүүн А.Ганбаатартай өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн асуудлын талаар товч ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж М.Энхболд, Ц.Сандуй болон танд ёс зүйн хариуцлага хүлээлгэх болсноо мэдэгдсэн. Тухайлбал, олон нийт Ц.Сандуй гэдэг хүнийг энэ асуудлаасаа үүдэж ажил албаа өөрийн хүсэлтээр өгсөн гэж ойлгож байгаа. Тэгэхээр танай намын дүрэмд нэг хүнд хоёр удаа ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг юм уу?

-Хэрвээ манай нам ёс зүй ярих гэж байгаа бол үүнийгээ алагчилалгүй үнэн бодитоор ярих ёстой. Өөрөөр хэлбэл, хүний ярьсан зүйлийг сонссоны төлөө, харсаны төлөө, хүнээр гүтгүүлсэний төлөө бид нарт хариуцлага тооцох гээд байгаа нь үнэнд нийцэхгүй. Угтаа бол Ц.Сандуйд хоёр удаа хариуцлага тооцох гээд байна л даа. Энэ хүн ёс зүйгээ ухамсарлаж бүхий л сонгуульт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн гэдгийг манай намынхан бүгд мэднэ. Гэтэл нэг хүнд хэдэн удаа хариуцлага тооцох гээд байгаа юм гэж асуумаар байна. Дээр нь өнөөдөр Монгол Улсын хууль хяналтын бүхий л байгууллага энэ асуудлыг бүтэн гурван жил шалгасны эцэст гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Энэ асуудлыг хийгээгүй юм байна гээд тогтоочихсон шүү дээ.

Гэтэл эд нар хүнийг хилсдүүлээд дахин, дахин хариуцлага тооцох гээд улайраад байгааг нь шударга бус гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй нэг удаа хариуцлага хүлээхдээ хоёр албан тушаалаа зэрэг өгсөн гэсэн үг. Тэрбээр тэр үед зөвхөн Нийслэлийн намын хорооны даргын ажлаа өгчихөөд НИТХ-ын даргаа хийх боломж байсан. Ц.Сандуй намын эв нэгдлийг бодолцож бүх бурууг өөртөө үүрч гарсан хүн шүү дээ. Хэрвээ тэд хариуцлага ярих гэж байгаа бол өөрсдийнхөө гэм буруутай үйлдэлд бас хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эхнэр найз нөхдөө дагуулан улсын мөнгөөр гадаад руу МИАТ-аар үнэгүй зорчиж явсан мэдээлэл өнгөрсөн хоногуудад хэвлэлээр баримттайгаа гарлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөндөө л олон хэрэгт холбогдож байсан. Үүний нэг жишээ тэрбээр 2007 онд Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон гээд хэвлэл мэдээлэлээр зөндөө гарч бас л намын нэр хүндийг унагаж ял авах хэмжээнд хүрч байсан ш тэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гээд Монгол даяар гарч намын нэр хүндийг гутаасан зөндөө мэдээлэлүүд гарлаа. Өөрсдөө намынхаа нэр хүндийг зөндөө унагаж сонин хэвлэлээр бичигдэж байсан хэрнээ яагаад одоо ёс зүй гэж яриад байгаа. Хэрвээ эд нар үнэхээр ёс зүй яривал ярихаар асуудлууд зөндөө байгаа биз дээ. Яагаад заавал Ц.Сандуй, М. Энхболд, А.Ганбаатар нартай ёс зүйн хариуцлага ярих гээд байгаа юм бэ. Тиймээс л энэ үйлдийг шударга бус гээд байгаа юм. Бид зөвхөн сонссоныхоо төлөө ингэж чичлүүлж байгаа бол намын нэр хүнд унагаасан шоронд ороод гараад ирсэн, ял сонссон зөндөө хүмүүс яагаад өнөөдөр намд байгаа юм бэ. Энэ хүмүүстэйгээ бас хариуцлага тооцож ёс зүйгээ ярь л даа.

-МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар та бүхнийг Бага хурлын гишүүнээс хасах тухай асуудлыг ярина гэж мэдэгдсэн. Энэ байж болох асуудал уу?

-Би Бага хурлын гишүүн биш. Дээр хэлсэнчлэн нэг хүнд гурван удаа хариуцлага ярих гээд байна аа гэж. Өөрөөр хэлбэл, дээрээс нэг хүн ямар нэгэн аргаар Ц.Сандуйд заавал хариуцлага тооцоо гэж заавар өгөөд байна. Тиймээс л тэдний гар хөл болсон Д.Батбаатар байн, байн энэ асуудлаа яриад байна шүү дээ. Та бүхэн манай намын жирийн нэг гишүүнээс асуугаад үзээрэй. Нэг хүнд гурван удаа хариуцлага тооцдог уу гээд.

-60 тэрбум яригдаж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг та цуг байсан гэж өнгөрсөн гуравдугаар сард хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан. Үнэхээр тантай цуг байсан юм уу?

-Үнэн ш тэ. Би тэр үед зургийг нь үзүүлж тодорхой ярьсан. Би тэр үед хэвлэлийн хурлыг яагаад хийсэн бэ гэвэл У.Хүрэлсүх дарга, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар болсон процессийг мэдэж байгаа хэрнээ намынхаа эсрэг өөр намынхантай нийлж худлаа гүтгэх, намын нэр хүнд унагаад байсан учраас би үнэнийг ярьсан. Бид нар бүгдээрээ уулзсан. Тэгэхдээ намынхаа үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гээд намтай холбоотой бүхий л санхүүжилтийн ажлыг ярьснаа хэлээд өгөөчээ гэж л хэвлэлийн хурал хийсэн ш тэ. Энэ гурван хүн яагаад бодит үнэнийг мэдэж буй хэрнээ өнөөдөр намын нэр хүнд унагалаа гэж яриад байгаа юм бэ. Үүнийг чинь л үнэнд нийцэхгүй байна гэж хэлээд байгаа шүү дээ.

-Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс 60 тэрбумын асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүс хэрнээ яагаад бодит үнэнийг олонд дэлгэхгүй байгаа юм бол. Таны бодлоор?

-Би энэ асуултад хариулахаасаа өмнө нь нэг зүйлийг хэлье. Энэ хүмүүсийг бодвол муу хэлэгдээд байгаа хүмүүс чинь энэ намын төлөө чөмгөө дундартал явж зовлон жаргалаа хамтдаа хуваалцаж байсан хүмүүс. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ,У.Хүрэлсүх дарга, Д.Амарбаясгалан эд нар 2014, 2015 онд ирсэн хүмүүс л дээ. Ц.Сандуй дарга 2012 онд нам ялагдаад маш хүнд хэцүү байх үед Нийслэлийн МАН-ын хороог намын байргүй, сохор зоос ч үгүй хүлээж авч байсан. Энэ үед бид нар Нийслэлийн намын хороог хөл дээр нь босгох гэж бүтэн дөрвөн жил маш их зовсон. Энэ бүх хүнд хэцүү үеийг манай намынхан бүгд мэдэж байгаа. Ямархуу байдалтай ямар намыг Ц.Сандуй гэж хүн хүлээж аваад өнөөдрийн УИХ, НИТХ-д хэдэн суудал авчирсан бэ гэдгийг одоо хүртэл манай намынхан бахдан ярьдаг. Энэ бүх зовлонгоо бид хоорондоо ярилцаж ах дүү болж явж байсан үе саяхан шүү дээ.

Бүр нэг сонин юм ярихад Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ц.Сандуй бид дөрөв манай ажил дээр байнга л уулзаж цугладаг байсан. Бид тэр үед жаргал зовлонгоо хуваалцаж энэ намын төлөө их зүйл хийе гэсэн тийм л мөрөөдлийг тээж явсан. Би эд нараас ах л даа. Тийм ч учраас намайг Ганбаа ах аа гэж дууддаг байсан. Ер нь бүгдээрээ залуу хүмүүс намынхаа төлөө эв нэгдлийг эрхэмлэхийн төлөө нэгдэж явая гэж тангараг өргөж байсан. Тэр үед бид дөрөв бие биенийхээ алдаа оноог засч хазайхад нь тэгшилж, муудахын бол хэн нэг нь эвлэрүүлж, зөвлөж байхын тулд энэ дөрвөн хүний тангараг тавьсан эв нэгдэл найз нөхдийн ахлахаар ахмадаар нь таныг тавилаа шүү гээд Л.Оюун-Эрдэнэ надад Чингис хааны барималыг бэлэглэж байсан түүхтэй. Ингэж л ах дүү улс болж явсан хүмүүс өнөөдөр ийм муухай шударга бус зан гаргаж байгаад харамсч байна. Би 2016, 2017 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёртой уулзаж гаргаж буй үйлдэл чинь хэрээс хэтэрч байгаа тухайг нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ надад "Уучлаарай" гэж хэлж байсан. Мэдээж энэ хоёртой уулзсан шалтгаан гэвэл ийм асуудал болоогүйг мэдсээр байж яагаад энийг хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Одоо хоёр дүү маань найз нөхдөө гутаагаад бүхэл бүтэн намынхаа нэр хүндийг унагаж байгаад маш их харамсч байна.

-Тэгвэл тэдэнд энэ асуудлын үнэнийг ил гаргахгүй байх ямар ашиг сонирхол байна гэж та харж байна вэ?

-Нэгдүгээрт эдгээр хүмүүст улстөрийн албан тушаалын сонирхол байх шиг байна. Энэ нь хувь хүний үерхэл нөхөрлөлөөс илүү үнэ цэнэтэй юм байна. Мөн дөрвөн найзын цуг суугаад тангараг өргөж байснаас намын хариуцлагатай албан тушаал хаших, дарга болох түүгээр дамжуулаад улстөрд дарга болох гээл олон хүчин зүйлүүд тэдэнд илүү үнэ цэнэтэй байжээ. Ийм сонирхолоор л энэ хүмүүс гүтгэлэгийг өөр намынхантай нийлж хийж байгаад харамсч байна. Хүний амьдрал гэдэг цаг хугацаатай, хүний үерхэл нөхөрлөл дурсамж хүний амьдралд түүх болж үлддэг. Тэгэхэд ингэж урваж, шарваж дээр нь урьд нь үерхэж явсан, уулзаж явсан, хүндэлж явсан, тангараг өргөж явсан улсууд руугаа хүйтэн ус цацах сайхан байдаг юм болов уу гэж бодож байна.

-Та хоёр дүүдээ буруу зүйл хийж, тавьсан саналыг нь хүлээж аваагүй болоод тэд ийм хударгагүй зан гаргаад байна уу?

-Би үүнийг маш олон талаас нь бодож байгаа. Нэгдүгээрт тэд надад ямар ч санал тавиагүй. Намайг ч тийм хүн биш гэдгийг тэд мэднэ. Хоёрдугаарт бид нар хоорондоо нэг ч муудаагүй. Өөрөөр хэлбэл, би Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх даргатай ганц удаа ам зөрж үзээгүй гэсэн үг. Би бол ямарваа нэгэн зүйлийг эвлэрүүлж нэгтгэхийн төлөө явдаг. Эд нар ч үүнийг мэднэ. Ямарваа нэгэн зүйл цаг хугацаатай байдаг. Миний харж байгаагаар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг дэндүү залуу хэтэрхий их зүйлд шунаад байна уу гэж харж байгаа. Шунал бол хүнийг ухаан муутай болгодог. Энэ зандаа хөтлөгдөж ийм увайгүй зан гаргаж байгаад харамсаад ч барахгүй байна даа. Хүний амьдрал сонин ш тэ. Унаж босох үе зөндөө л байна. Эргэж уулзахгүй биш дээ. Түүнээс Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Сандуй, Ганбаатар, Амарбаясгалан гэсэн таван хүний дунд ямар нэгэн хувийн зөрчил байхгүй.

-Ямарваа нэгэн том ажил эхлүүлэхээс өмнө 60 тэрбумын асуудлыг дахин дахин сөхөөд байна уу даа гэсэн бодол төрж байна. Энэ тал дээр та?

-Тантай 100 хувь санал нэг байна. Дээр нэр нь дурдагдсан хүмүүс өөрсдийнхөө хийх гэж буй том ажлыг хийхийнхээ өмнө 60 тэрбумаар халхавч хийж хамгийн том зэвсгээ болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь эргүүлж хууль бус үйлдлүүдээ гүйцэлдүүлээд байна. Дээр нь албан тушаалд очих, нэгнийгээ нухчин дарахын тулд 60 тэрбумыг гаргаж ирдэг болоод байна. Ингэсний хүчинд У.Хүрэлсүх дарга өөрийнхөө санасандаа хүрлээ шүү дээ.

-Ц.Сандуй гэдэг хүн өнөөдрийн Засгийн газрын олонх байх нөхцлийг бүрдүүлсэн хүн. Энэ хүнийг ингэж дээрэлхэж, бөөрөлхөж байгаа нь хэр шударга юм бэ?

-Хэрвээ Ц.Сандуй УИХ-ын сонгуулийн үеэр намын эв нэгдлээ хангаагүй бол, иргэдтэй тулж ажиллаагүй бол өнөөдөр Хүрэлсүх Ерөнхий сайд болохгүй байсан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд бүх эрх мэдэл АН-ын гарт байсан. Тэгэхэд манай намынхан нийслэлд ялалт авчирхад тун хэцүү. Учир нь бид Э.Бат-Үүл баатраас айж, эмээж байсан. Гэтэл яаав Ц.Сандуй, энэ мундаг хүнийг дарж УИХ, НИТХ-д хэчнээн суудал авчирч өнөөдрийн энэ их ялалтын бий болгосон. Тэд түүний амжилтан дээр бүжиг хийж шуналдаа автагдаад байгаа биз дээ. Гэтэл өнөөдөр өөрсдийг нь ийм хэмжээний албан тушаалтай болгоход гол нөлөө үзүүлсэн хүндээ ёс зүйн хариуцлага тооцно гэж ярьж байгаа Хүрэлсүх, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй.

Б.Учрал

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу