МАН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “МАН-ын Бага хурлаар нөхөн сонгуульд оролцох тогтоолыг баталлаа. Маргааш СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлж өгнө. Улс төрийн албан тушаал болон орон нутгийн түвшинд ажиллаж байгаа манай намын гишүүдээс 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой олон хүн бий. Удахгүй нэр дэвшигчийг тодруулна. Одоогоор тус тойрогт судалгааны ажил үргэлжилж байна. Үндсэн хуулийн цэцээс 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг шалгаж байгаа. Бид энэ талаар Үндсэн хуулийн цэц болон СЕХ-ноос тайлбар авсан” гэлээ.

Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, “60 тэрбум”-ын асуудалтай нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Одоогоор намын удирдлагуудад уг шийдвэртэй холбоотой албан бичиг ирээгүй бөгөөд ирсэн тохиолдолд намын дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэв.
Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу