Сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Хүүхэн биетэй хөвгүүд нь
Хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь
Хөөс шиг дэгдэж хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Од нэрэндээ итгэсэн дуучид
Дуулахаасаа өмнө харвачих гээд
Оюутан насны залуучууд
Дугуйны нөхөөс болчих гээд
Овилгогүй хэдэн гэлэнгүүд
Дуган хийдээ шатаачих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Хурдан морины өмнүүр
Машин орж цоллуулчих гээд
Хурал удирдсан дарга нь
Манцуйтай хүүхэд шиг уйлчих гээд
Хууль журмаар хүнийг
Мал шиг хашиж хариулчих гээд
Хураасан жаахан хөрөнгийг нь
Манаачтай нь хамт дээрэмдчих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Өдөржин түгжрээд унтуулчих гээд
Өглөө оройдоо утаж алчих гээд
Өөрийн биеэ face-ээр зарчих гээд
Өрөөлийн үгээр твитрээ дүүргэчих гээд
Хүүхэн нөхөрөөсө хахууль нэхчих гээд
Хүүхэд нь эцэг эхээ шантаачлах гээд
Хэл эрдэмгүй байсан ч номлочих гээд
Хил хязгааргүй тарчих гээд
Ёстой нэг сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Эхнэр нөхөр биесээ танихаа больчих гээд
Элгэн садан нь биесээ харахаа болчих гээд
Эр эм нь ялгагдахаа больчих гээд
Эрлийз хурлийз нь холилдоод уусчих гээд
Эмээлээ мотоциклд тохчих гээд
Эрийн хийморь морины нуруу эзгүйрчих гээд
Ээдээ мөн ч сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Ерөнхийлөгч нь сайн дурын уран сайхан ч болчих гээд
Ерөнхий сайд нь хямралын эсрэг гэж улс орноо самарчих гээд
Ерөөл биш хараал хэлсэн дуу хит болчих гээд
Ертөнцийн гуравт төрийн гурван өндөрлөг багтчих гээд
Улс төрчдийн данс нь хилийн чандруу гарчих гээд
Унасан газар шороо маань урд зүгийнхнээр дүүрчих гээд
Үнэхээр сандаргаж байнадаа энэ цагийн Монголчууд...

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу