ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ШААРДАХ БИЧГИЙГ “ОЮУТОЛГОЙ” ХК ХҮЛЭЭН АВАВ

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр “Оюутолгой” ХК-ийн төв байранд хэвлэлийн бага хурал хийж Оюу толгойн уурхайн ордын ашиглалтын үйл явцаас хамаарч Монгол Улс, Монголын ард түмэн өрөнд орохгүй, цаашид өр үүсгэхгүй байх баталгааг тус компаниас гаргахыг шаардав.
Баталгааг дэмжихийг шаардаж мөн ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын бүх гишүүнд албан бичиг хүргүүлж байгаагаа хөдөлгөөний Удирдах зөвлөлийн тэргүүн А.Эрдэнэбаяр хэллээ. “Яагаад ийм баталгаа бүхий шаардлага гарах болов, үндэслэл юу вэ?” гэсэн асуултанд тэрээр хариулахдаа, “Энэ нь “Оюутолгой” ХК-иас хамаатай, тодруулбал, манай хөдөлгөөнөөс “Оюутолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих “Бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийн хангах” ажлын хэсэгт орж ажилласан юм. Гэтэл бидний зүгээс тавьсан зарим асуудлыг компанийн зүгээс гүтгэлэг гэж үзэн улмаар компанийн нэр хүндэд халдлаа гэдэг үндэслэлээр өнгөрсөн зургадугаар сарын 25-нд биднийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан юм. Тэрхүү гүтгэлэг гэдэгт 4 асуудал нь Оюутолгой”-н ажлын хэсэгт орж ажилласан иргэний хөдөлгөөний байгууллагуудын зүгээс тавьсан “Оюутолгой” ХК-ийн лицензийг Өмнөд Африкийн, эсвэл гадаадын аль нэг банкинд 100 хувь эрх шилжүүлж өгч Монгол Улсыг өрөнд оруулж байж болзошгүй гэсэн байсан юм. Хоёрт, уурхайн хаалтын ажиллагаа дууссаны дараа буюу уурхайг ашигласны эцэст цөмийн хог хаягдлыг булах, эсвэл АЦС барих гэсэн асуудал байсан. Мөн биднийг “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-д орсон Түмэнцогт гэгч гишүүний биед халдаж дайрсан гэсэн байсан. Эдгээр асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад 3 хоногийн дотор прокурорт шилжээд байна. Хэрэв бидний тавьсан асуудлыг гүтгэлэг гэж үзэж буй бол үүнийгээ “Оюутолгой” ХК-ийн зүгээс нотлох учиртай. Мөн компанийн зүгээс болж Монгол Улс, Монголын ард түмэн ойрын ирээдүйд өрөнд орохгүй гэсэн баталгааг гаргаж өгөх ёстой гэдэг үүднээс бид өнөөдөр тулган шаардах бичиг хүргүүлж байна” гэв.
Баталгаа гаргуулах шаардах бичигт, Монгол Улсын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчиж буй “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг даруй цуцалж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлий 6-ийн 1-д заасны дагуу Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг шаардаж байна” гэжээ. Хөдөлгөөний тулган шаардах бичгийг “Оюутолгой” ХК-ийн Харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр гарч ирэн хүлээн авсан юм.
Б.Болд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу