Ц.Элбэгдорж: “Оюутан цэрэг” бол иргэн хүнд маш үр өгөөжтэй, сайн хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,

Эрхэм оюутан залуус, дайчид аа,

Эрхэм хүндэт иргэд ээ,

Монгол айлд хүүгээр бүл нэмэхэд “эх орноо манах эр цэрэгтэй боллоо” хэмээн бэлгэшээдэг. Монголын сайхан эх орноо, ард түмнээ айх аюулгүй, амар жимэр амьдруулах энэхүү эрхэм агаад хариуцлагатай үүргийг мянга мянган жил Монгол цэрэг нуруундаа үүрч, өнөөгийн бидэнд буухиалан хүргэсэн. Энэ дайчин уламжлалыг оюутан залуус Та бүхэн түүчээлэн буйг харахад тун таатай байна. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэнийхээ эрхэм үүрэг болох цэргийн үүргээ биелүүлэхээр зориг шулуудаж цэргийн суурь мэдлэг, дадлыг эзэмшин өнөөдөр тангарагаа өргөж байгаа оюутан цэргүүд та нартаа чин сэтгэлийн, дайчин цогтой, гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Цэргийн тангараг өргөнө гэдэг нь агуулгын хувьд ээж, аавын хүү эх орны хүү болно, ач холбогдлын хувьд иргэнийхээ хамгийн хариуцлагатай үүргийг насан туршдаа эх орон, ард түмнийхээ өмнө хүлээнэ гэсэн үг. Өнөөдөр та бүхнийг харахад нүдэнд чинь оч гялалзаж, нүүрэнд чинь цог золбоо гэрэлтэн жавхаажжээ. Бие бялдар, сэтгэл зүйн хат суужээ. Аливаа сорилт, бэрхшээлийг  даван туулах чадалтай болжээ. Ийм чадварлаг, төлөвшил, бэлтгэжилт бүхий цэргүүдтэй болж байгаагаараа Монголын ард түмэн, Монгол төр бахархаж байна.
Улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах хэрэгцээ, шаардлагыг хангах нь Монгол төрийн нэн тэргүүний үүрэг. Энэ чиглэлд хийж буй олон чухал ажлын нэг нь “Оюутан цэрэг” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжээд 3 жил болж байна. Үүнд 2500 гаруй оюутан хамрагдаад байна.
Оюутан цэрэг хөтөлбөр бол агуулга багтаамж сайтай, шахуу хөтөлбөр. Манай иргэдийн талархал дэмжлэгийг хамгийн их хүлээдэг төр засгийн сайн ажил. Орчин үед цаг хугацааны болон мэдлэг чадварын үнэ цэн улам бүр нэмэгдэж байна. Манай оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшихийн зэрэгцээ, цэргийн албаа хаах үүргээ давхар биелүүлэх нь тэр бүр тохиохгүй ховор нандин боломж юм.
Эрхэм нөхөд өө,
“Оюутан цэрэг” бол иргэн хүнд маш үр өгөөжтэй, сайн хөтөлбөр. Гэхдээ өнөөгийн түвшин бол зөвхөн эхлэл. Цаашид энэ хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжинө. Хамрагдах сургууль, оюутны тоог нэмнэ. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг нэмж хамруулна. Хөдөө хот ялгаагүй хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах, Хилийн цэргээс гадна бусад цэрэгжсэн байгууллагыг хамруулна. Эрэгтэй хүүхэд бүрийг цэргийн албанд хамруулах чиглэл баримтална. Ийм байдлаар Монгол Улс бодлогоо тодорхойлж байгаа. Эрх зүйн орчин ч энэ чиглэл рүү явж байгаа. Эрхэм ээж аавуудад хандаж нэг хүсэлт уламжлая. Эрэгтэй хүүхэд бүрээ эр цэргийн албанд хамруулах төрийнхөө бодлогыг халуун дотноор дэмжихийг та бүхнээс хүсье.
Цэргийн алба бол нэг биед заяах жирийн алба биш. Ажил амьдралаа аваад явах тэсвэр хатуужил, эх орон, ард түмнээ хайрлаж дээдлэх итгэл үнэмшил, хүнд хэрэгтэй сайн чанар бүхнийг төлөвшүүлэх шалгарсан арга, хосгүй сургалт юм. Хүүгээ сайн хүн болгохын тулд үеийн үед уламжлан хэрэгжүүлж ирсэн бидний өвөг дээдсийн нандин өв юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх их үйл хэрэгт гар бие оролцож, биечлэн зүтгэж ажиллаж байгаа цэргийн, иргэний, сургалтын байгууллагын нийт офицер, ажилтан, албан хаагчдад Зэвсэгт хүчний Ерөнхий командлалын өмнөөс гүн талархал илэрхийлье.
Ээж аавууд хүүгээ сайн хүн болгоё гэвэл цэрэгт явуулах хэрэгтэй. Монгол Улс сайн иргэдээ дэмжихийн тулд бүх нийтээр цэргийн албанд хамруулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Ингэж л Монгол Улс бие даасан байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлээ улам баталгаажуулах болно. Энэхүү бодлогын үндсийн үндэс нь цаашид “Оюутан цэрэг” хөтөлбөр байх болно.
Оюутан цэргээс цэргийн шилдэг дарга, цэргийн сайн боловсон хүчин, байнгын гэрээт албан хаагчид төрөн гардаг болно. Энэ чиглэлээр уг хөтөлбөрийг улам төгөлдөржүүлэн хэрэгжүүлэхэд манай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, цэрэгжсэн байгууллагууд, цэрэг иргэний хэлтэсүүд онцгой анхаарч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Цэргийн анги байгууллага бүр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь бааз байх учиртай. Энэ талаар бид цэргийн удирдах албан тушаалтнуудын зөвлөлгөөний үеэр сайн ярилцсан. Тодорхой төлөвлөгөө, ажлууд хийгдэж байгаа.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд манай оюутны байгууллагууд, ээж аавууд, нийт иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал. Дээрээс нь их дээд болон мэргэжлийн сургуулиудын харилцан ойлголцол, сургалтын хөтөлбөр дадлагын ажлууд чухал үүрэгтэй. Ингэж л “Оюутан цэрэг” хөтөлбөр нь улс үндэсээ гэх нэгэн зорилго, нийтлэг эрх ашигт үйлчлэх эх оронч иргэдээ бэлдэх Монгол төрийн амин чухал бодлого болон улам өргөжиж үргэлжлэх болно. Энэ бодлогод хамаарахгүй манай улсын нэг ч салбар, айл өрх, иргэн байх учиргүй юм.
Энэхүү бодлогыг энэ цаг үед түүчээлэн авч яваа эх орныхоо бахархалт хөвгүүд – Эзэн Чингисийн талбайдаа жигдэрэн жагссан Оюутан цэргүүддээ, та бүхний ээж аав, гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүст дахин баяр хүргэе. Энэ хөтөлбөрийг сонгосон оюутан цэрэг бүрийнхээ эх оронч, зоригтой, иргэнлэг сонголтоор би бахархаж байна. Та бүхэн ээж аавын хүүгээс эх орныхоо хүү боллоо. Оюутан цэрэг бүрийнхээ цаашдын алба сургалт, ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эх орныхоо итгэлт иргэн болох Та бүхний ариун үйлс улам өгөөжтэй байг ээ.
Монгол оюутан бүр Монгол цэрэг болж чадна. Монгол цэрэг бүр Монгол Улсын нэр төртэй иргэн байж чадна. Би үүнд итгэдэг. Эр цэргийг хайрлаж яваарай.
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадраг ээ!

Эх сурвалж http://www.info.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу