Цагдаагийн саатуулах байранд амиа егүүтгэсэн хэрэг гарлаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 90 жилийн ойгоор 20 настай Б гэгч цагдаагийн байгууллагын саатуулах байранд амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Бугат тосгоны баяр наадмын арга хэмжээ болох үеэр Б гэгч архидан согтуурч, гэрийнхэндээ агсам тавьсан учир аав нь түүнийг цагдаагийн байгууллагад дуудлага өгч баривчлуулсан байна. Саатуулах байранд авчирч хийсний дараа тэрээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн шилийг мулталж аван, гэдсээ хүүлсэн байсанд цагдаагийн албан хаагчид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ. Хэрэг гардаг өдөр ГССҮТ-д хүргэж яаралтай хагалгаа хийсэн ч хоёр хоногийн дараа иргэн Б нас барсан байна.

Энэ хэргийн мөрөөр бид Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ахмад н.Эрдэнэбилэгээс тодруулахад“Хэрэг мөрдөлтийн шатанд явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Мөн тус цагдаагийн газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах тасгийн даргатай холбогдох гэсэн боловч ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзав.

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Талийгаач залууг архи уугаад гэртээ агсам тавьж, амиа хорлоно гэж сүрдүүлээд байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Энэ дагуу очиход залуу өөрийгөө гэрлийн шилээр хүнд гэмтээсэн байсан. Түүнийг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй долоо хоногийн дараа өөд болсон” гэсэн мэдээлэл өглөө. Тэгэхээр талийгаач цагдаагийн газар биш гэртээ өөрийгөө гэмтээсэн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллэж байгаагаар талийгаач Б гэгч нь архи уусан үедээ агсам тавьдаг, сэтгэл санааны хувьд тогтворгүй нэгэн байжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийнхэндээ ихээхэн төвөг уддаг. Мөн амиа хорлоно, амьдрал утгагүй байна гэж агсам тавих үеэрээ байнга ярьдаг байсан талаар ярьсан, талийгаачийг таних нэгэнтэй утсаар холбогдож хэдэн зүйл тодрууллаа.

-Талийгаачийг та хэр сайн мэддэг вэ?

-Мэндийн зөрүүтэй явдаг. Учиргүй дотно нөхөрлөдөггүй.

-Хэргийн талаар та хаанаас сонссон бэ?

-Хүнээс ам дамжуулж сонссон. Уг нь эрүүл үедээ давгүй л залуу шиг санагддаг байсан. Архи уухаараа жаахан овлигогүй зантай болчихдог. (Утас нь тасарч, холбогдох боломжгүй болов.сурв)  

Сэтгэл судлаачид амиа хорлолт ихэсч буй шалтгааныг одоогийн нийгэмтэй холбон тайлбарлаж байна. Бид сэтгэл судлаач У.Элбэгзаяаттай уулзаж, яриа өрнүүллээ.

-Сүүлийн үед амиа хорлох үзэгдэл цөөнгүй сонсогдох боллоо. Сэтгэл зүйч хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Сүүлийн үед эдийн засаг, нийгмийн байдлаас болж бага насны хүүхдүүд, томчуудын дунд амиа хорлох явдал ихэсч байна. Энэ нь хүний төрөлхийн онцлог шинжтэй холбоотой ч өссөн орчин нь хамгийн гол нөлөө үзүүлдэг. Хамгийн аюултай нь сэтгэл гутрал. Энэ төрлийн өвчлөл нь өнөөдрийн нийгэмд маш их болсон. Зөвхөн өссөн орчноос нь шалтгаалаад шүү дээ. Сэтгэл гутрал, стресс, түгшүүрийг хэвийн хүлээж аваагүйгээс энгийн нөхцөл байдалд гэнэт сэтгэл гутарч, өөрийгөө азгүйд тооцох, санаагаар унах зэрэг сэтгэл гутралын өвчлөлийн байдалд орох зэргээр хүндэрдэг. Зүгээр л хэвийн байгаа үедээ сэтгэл нь гутраад, гэнэтийн огцом шийдвэр гаргана гэсэн үг. Ер нь амиа хорлолт гэдэг бол сэтгэл гутрал дээд цэгтээ хүрсний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсныг харуулж байгаа алхам л даа.

-Хүүхэд амиа хорлох болсон нь юутай холбоотой вэ?

-Нийгэм хөгжиж байгаа учраас хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн хүртэл асар их өөрчлөлтөд орж байна. Тухайлбал, өмнө нь 14-16 насны хүүхдийг өсвөр насныхан гэдэг байсан бол одоо 12-13 насныхныг энэ ангилалд оруулдаг болсон. Сургуулийн насны хүүхэд болон насанд хүрэгчид сүүлийн үед амиа хорлох нь ихсэх хандлагатай байгаа юм. Шалтгаан нь олон янз. Сүүлийн үед хүүхдүүд маш ихээр стресст ордог болсон. Эцэг, эхчүүд хүүхэд гэхээр л мөнгөний хэрэг байдаггүй юм шиг ойлгодог бол үнэндээ тийм биш. Тэд сургууль дээрээ бусадтай адилхан хувцаслах, амттан идэх гээд бусдыг дуурайхыг л боддог. Зарим эцэг, эх хүүхдээ хэт их хорьсноос болж найз нөхөдгүй болох, түүнээсээ болж сэтгэл санаагаар унах ч тохиолдол байдаг. Гэхдээ хамгийн гол нь гэр бүлийн халуун дулаан хайр халамж дутсанаас хүүхэд амиа хорлох нь ихэсч байна.

-Тэгэхээр хүүхэд санхүүгийн байдлаас болж амиа хорлож байна гэсэн үг үү?

-Гадныхны хувьд хүн заавал ажиллаж байх ёстой гэдэг бодол толгойд шингэсэн байдаг. Тийм учраас ажилгүй болвол хамгийн түрүүнд амиа хорлохоо боддог гэсэн. Гэтэл манайд эдийн засгийн байдлаас болж амиа хорлох нь ихэссэн.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу