400 жилийн настай аварга загас олжээ

Гринланд орчимд амьдардаг аварга загас бол дэлхий дээрх хамгийн урт настай сээр нуруутан гэж эрдэмтэд зарлалаа. Судлаачид радио карбоны тусламжтайгаар 28 аварга загасны насыг тодорхойлоход эм загаснууд нь дунджаар 400 жилийн настай байжээ. Тэдний олж мэдсэнээр аварга загас жилдээ нэг см орчим өсдөг бөгөөд 150 хүрэх үедээ нас бие гүйцдэг гэнэ. “Science” сэтгүүлд энэ судалгааны тухай нийтлэл хэвэлгдсэн бөгөөд Копенгагены их сургуулийн тэнгисийн биологич Юлий Нильсоны хэлснээр өмнө нь нэг төрлийн халим 211 настайгаар хамгийн урт настай сээр нуруутанд тооцогдож байж. Гэхдээ нарийн судлаад үзвэл 507 насалсан хясааг судлаачид олж байсан удаатай.

Хойд Атлантын далайн гүний хүйтэн усанд маш аажуу тайвуу сэлж явдаг Гринландын энэ махчин загаснууд аварга том биетэй. Таван метр хүртэл өсдөг байна. Тэдний өсөлт удаан байдаг учраас магадгүй урт насалдаг байх гэж судлаачид үзэж байна. Зарим загасны хувьд модны цагирагаар насыг нь тоолдог шиг отолит хэмээх чихний ясыг тоолдог бол аварга загасны хувьд бүр хэцүү. Нурууны ясанд хатуужин тогтсон эдийн үе давхаргыг тоолох замаар насыг нь тогтоодог аж. Харин Гринландын аварга загасны тухайд ингэж тогтоох аргагүй учраас судлаачид нүдийг нь ашигласан байна. Аварга загасны нүдний болорт дахин сэргээгддэггүй, нөхөгдөшгүй нэг төрлийн уураг байдаг аж. Өөрөөр хэлбэл загас анх бий болсноос хойш дахин сэргээгддэггүй аж. Тиймээс тэр уургийг судлахад загасны насыг тогтоох боломжтой бөгөөд загасчны торонд орж үхсэн 28 загасыг энэ аргаар судалжээ. Ингэхэд хамгийн том биетэй эм загас нь 400 орчим жилийн настай гэж гарчээ. Гэхдээ радио карбон нь яг нарийн өдрийг тодорхойлох боломжгүй учраас 272-512 –ын хооронд хэлбэлзэнэ гэж судлаачид үзээд дунджаар 400 гэж тогтоожээ.

Хэрэв судлаачдын энэ тооцоолол зөв бол тэдний олсон аварга загасууд 1501-1744 оны орчимд бий болсон байх магадлалтай. Өөрөөр хэлбэл бүр XVII зууны үед мэндэлсэн загас өдий хүртэл амьд байжээ гэж ойлгож болно.

Эх сурвалж: ВВС

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу