ЦАГААННУУР СУМААС 85 ЖИЛИЙН ДАРАА АЙМГИЙН АРСЛАН ТӨРЛӨӨ

Ардын хувьсгалын өлгий, амуу будааны эх нутаг Сэлэнгэ түмэн энэ жил хурын дуслаар ундааланхан хоёр өдрийн турш дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Ардын хувьсгалын 97, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, Аймгийн баяр наадамд Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, Ганхуяг нараар манлайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэн барилдсанаас Цагааннуур сумын харъяат “Таван хан” дэвжээний бөх сумын заан Б.Орхонбаяр түрүүлж аймгийн арслан, Мандал сумын харъяат аймгийн харцага О.Энхжаргал үзүүрлэж аймгийн заан цолтон боллоо. Хүдэр сумын харъяат аймгийн заан Э.Төрболд, Мандал сумын харъяат Х.Наранбаяр нар шөвгөрлөө.
Цагааннуур сумын харъяат “Таван хан” дэвжээний бөх сумын заанаас аймгийн арслан цолны болзлыг хангасан Б.Орхонбаяр нь “Боохой” хэмээн нутаг орондоо алдаршсан Данзан арслангийн нутгийн бөх юм. Тэрээр энэ алдарт бөхийн цолыг 85 жилийн дараа нутагтаа авчирсан онцлогтой юм байна.
Аймгийн наадамд харцага цолтон нэгээр нэмэгдлээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын заан Х.Наранбаяр аймгийн баяр наадамдаа амжилттай барилдаж 6 даван харцага цолтоны эгнээнд шилжлээ. Тэрээр заан цолны даваанд нутгийн ах н.Энхжаргалтай хүчийг үзэн тун ч ширүүхэн барилдсан юм.
Аймгийн наадмаар гурван начин төрлөө
Энэ жилийн Сэлэнгэ аймгийн баяр наадмын торгон ногоон дэвжээнээс Баруунбүрэн сумын харъяат Б.Улаалзагана, Цагааннуур сумын харъяат Б.Очирхуяг, Завхан аймгийн Отгон сумын харъяат М.Лувсандорж нарын шинхэн начингууд төрөн гарлаа.
Цэц мэргэнээ гайхуулсан харваачид
Сэлэнгийн аймгийн наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийг Сүхбаатар сумын Б.Баярсайхан тэргүүлж, Зүүнбүрэн сумын харваач Г.Бүрэнжаргал удаалсан бол эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харваач спортын дэд мастер, аймгийн мэргэн Н.Оюунчимэг шалгарч, Сүхбаатар сумын “Цэц магнай” клубийн харваач сумын мэргэн Х.Жаргал удааллаа. , Зүүнбүрэн сумын Б.Уянга, Сүхбаатар сумын Р.Оюунцэцэг, Баянгол сумын Б.Баярмаа нар удааллаа.
Үндэсний сурын харвааны хөвгүүдийг Мандал сумын үндэсний сурын “Цэцэн дэв” клубийн харваач Б.Төмөрхуяг тэргүүлж, Шаамар сумын А.Түвшинсанаа, Мандал сумын Ц.Бат-Эрдэнэ, Шаамар сумын Л.Баярцолмон, мөн сумын Б.Бумбаяр нар удаах байр шалгарлаа.
Охидыг Баянгол сумын “Мэргэн зэв” клубийн харваач Т.Мичидмаа тэргүүлж, Мандал сумын Г.Мягмарнаран, Шаамар сумын Х.Мишээл, мөн сумын Б.Хулан, Баянгол сумын Э.Мишээл нар удааллаа.
Наадмын буриад сурын харвааны төрөлд нийт 56 харваач оролцож эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Хүдэр сумын харваач Ж.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Хүдэр сумын “Цэц мөнгөн сум” ХХК-ийн харваач Б.Баасанхүү удаалав. Урианхай сурын харваанд 65 харваач оролцсоны дотор Улсын мэргэн нэг, спортын мастер долоо, аймгийн мэргэн тав байлаа. Өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон энэхүү тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сумын “Цэц магнай” клуб, Зэвсэгт хүчний 331-р ангийн харваач, аймгийн мэргэн М.Баярсайхан түрүүлж, Шаамар сумын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Н.Сүхбаатар, удааллаа.
Зүүнбүрэнгийн хурдан буянууд тодорсон наадам
Ардын хувьсгалын 97, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, Аймгийн баяр наадмын хурдан хүлгүүдийн уралдаан гурван өдрийн турш болж нийт 9 насанд айрагдсан буянууд хурсан олон, уясан эзэн, унаач хүүхдээ баясган торгон жолоогоо өргүүллээ.
Азарга насанд Зүүнбүрэн сумын Ж.Чулуунбаатарын хүрэн,  Их насанд Зүүнбүрэн сумын Э.Наранбаатарын бор,  Соёолон насанд түрүү магнайд Цагааннуур сумын О.Цогнямын хонгор халзан,  хязаалан насанд Ерөө сумын Батцэнгэлийн шарга түрүүлж, шүдлэн насанд Сүхбаатар сумын Э.Баянмөнхийн хар,  даага насанд Мандал сумын З.Баасансүрэнгийн Хул түрүүлж торгон жолоогоо өргүүллээ. Харин Эрлийз дээд насанд Шаамар сумын Ш.Оргилын шар хээр түрүү, эрлийз дунд насанд Алтанбулаг сумын Б.Батбилэгийн хүрэн,  эрлийз дааганд Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ч.Баярсайханы мэнгэт хул тус тус түрүүллээ. Жороо морины уралдаанд Алтанбулаг сумын н.Эрдэнэ-Очирын бор түрүүлж, Сүхбаатар сумын Энхтөрийн хүрэн халзан, Алтанбулаг сумын Ганболдын халтар удааллаа.
Баянгол сумын баг шагайн харваанд тэргүүллээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Сүхбаатар, Баянгол, Сант, Орхон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Мандал, Сайхан сумын харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Багийн дүнгээр Баянгол сумын С.Ариунбат ахлагчтай баг түрүүлж, Төмөр замын Сүхбаатар зангилааны Ж.Амарсайхан ахлагчтай баг, Орхон сумын Д.Ганхуяг ахлагчтай багууд удааллаа. Наадмын цуваа харвааны төрөлд А.Идэрбаяр тэргүүлж, Ш.Ганхуяг, Л.Тулгабаяр нар удаах байрт шалгарлаа.
Баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд өсвөрийн залуу бөх н.Батнасан түрүүлж, н.Гансүрэн үзүүрлэлээ.
Наадамчин олныхоо  ая тухтай наадамлах нөхцөлийг бүрэн хангажээ
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас ард иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд наадах боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал аймгийн сурын талбайг үе шаттай тохижуулан ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн тухайд харваачиддаа зориулан нум сум, эд хэрэгслэлээ хадгалах агуулах барьж өгчээ. Мөн сурын талбайн үзэгчийн суудлыг ая тухтай байлгах үүднээс үзэгчийн суудалд нар, бороо, салхины хамгаалалт болгон саравч хийсэн байна. Түүнчлэн иргэдийн үйлчилгээнд зориулан нийтийн тээврийн дөрвөн автобусаар наадмын хоёр өдөр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ. Энэ өдрүүдэд талбайд үйлчилгээ үзүүлж байгаа иргэдэд зориулан цэвэр ус түгээлтийг тогтол цагт хүргэж, нийтийн шороон зам, талбайд чийгшүүлэлт хийж, бохир усны асуудлыг бүрэн шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажилласан нь наадамчин түмний сэтгэлд нийцсэн, талархалтай ажил боллоо. Энэ жилийн наадмын хамгийн онцлог үйл явдал бол аймгийн 17 сумаас өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ сурталчилсан гэр барьж, наадамчин олондоо үйлчилсэн явдал байлаа. Энэ арга хэмжээнд 12 сум оролцсоноос Баянгол, Сайхан, Шаамар сумд бусдаасаа илүү зохион байгуулалт сайтай оролцжээ. Наадмын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдлыг ханган ажилладаг цагдаагийн бие бүрэлдэхүүн хүчлэн хамгаалалтын хүрээнд сонор сэрэмжээ өндөржүүлэн ажиллалаа. Аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга Б.Цэндсүрэн:”-Манай бие бүрэлдхүүн наадмын хамгаалалтанд ажиллаж байна. Морины хамгаалалтанд манай эрүүгийн цагдаагийн тасаг, санхүү аж ахуйн тасаг, замын цагдаагийн тасаг бүхлээрээ нийт 40 албан хаагч, наадмын талбайн хамгаалалтанд 38 албан хаагч, нийтдээ 70 гаруй албан хаагч бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллалаа. Наадмын өдрүүдэд ноцтой гэмт хэрэг, зөрчил гараагүй, тайван байна. Сүүлийн үед сумдын иргэд маань автомашиныг согтуугаар жолоодох явдал нэлээд байна. Наадмын өдрүүдэд гурван иргэн согтуугаар машин жолоодсон учир журамлагдаад байгаа” хэмээн ярьсан юм. 
Ч.Отгонцэцэг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу