МОНГОЛ УЛСЫН 23 ДАХЬ АВАРГААР Н.БАТСУУРЬ ТОДОРЛОО

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн аймгийн Ховд сумын харъяат, Улсын арслан Намсрайжавын Батсуурь 9 даван түрүүллээ.

Энэ жилийн наадамд Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөх барилдсанаас ийнхүү үзүүр түрүүнд Улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбыг ес даван түрүүлж, Улсын аварга цолны болзол хангалаа. Харин улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэв.

Н.Батсуурь арслангийн хувьд төрийнхөө их наадамд хоёр дахь удаагаа түрүүлж байна. Тэрбээр ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм.

Энэ жилийн улсын наадамд шинэ аварга Н.Батсуурь, залуу бөх Х.Анхбаяраар нэг, сумын заан Э.Мөнхжаргалаар хоёр, а/а Л.Нямбаяраар гурав, а/а Ц.Сандагдоржоор дөрөв, у/н Д.Амарсайханаар тав, а/а Ц.Бямба-Очироор зургаа, а/а Н.Золбоогоор долоо, у/з Н.Жаргалбаяраар найм давсан билээ.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу