АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.ЧУЛУУНХҮҮГИЙН БУУРАЛ МОРЬ ТҮРҮҮЛЭВ

Өвөрхангай аймгийн баяр наадмын Их насны морьдын уралдаанд Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Чулуунхүүгийн буурал морь түрүүлж, Тарагт сумын алдарт уяач Б.Доржпаламын хээр аман хүзүүнд хурдаллаа. Хайрхандулаан сумын уяач н.Дагвасүрэнгийн бор, Хархорин сумын уяач н.Гомбын хүрэн, Өлзийт сумын уяач Д.Сугарын зээрд морь айргийн тавд шалгарч, уясан эзэн унасан хүүхдээ баясгалаа.
Соёолон насны морьдын уралдаанд Хужирт сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Батсайханы халиун соёлон түрүү магнайлан торгон жолоогоо өргүүлсэн бол Арвайхээр сумын уяач н.Гомбосүрэнгийн бор аман хүзүүнд ирэв. Айргийн тавт Хархорин сумын алдарт уяач Ц.Эрдэнэхуягийн хул, Уянга сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Б.Даваадоржийн цоохор, Богд сумын харьяат, аймгийн алдарт уяач н.Ганболдын ногоон бор соёолон хурдаллаа.

Дааганы уралдаанд Хужирт сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Батсайханы хүрэн даага түрүүллээ. Аман хүзүүнд Гучин-Ус сумын уяач Г.Ишгямцайгийн хүрэн даага барианд орж, Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Чулуунхүүгийн дөл халтар, Гучин-Ус сумын уяач Л.Тэмүүжингийн хээр, Тарагт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Хосбаярын цавдир даага айргийн тавд багтан торгон жолоогоо өргүүлж, түмэн олноо баясгав.

Б.Батчимэг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу