“60 ТЭРБУМ”-ЫН АСУУДЛААР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргад хүргүүллээ.

Тэрбээр, “Өнгөрсөн сарын 29-нд “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар “Нээлттэй сонсгол” явуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ албан бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурсан юм. Гэвч уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхгүй байгаа тул ээлжит бус чуулган зарлаж, “60 тэрбум”-ын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг хэргийг хэлэлцэх шаардлагыг 25 гишүүний гарын үсэгтэйгээр хүргүүлж байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн 30 хувь буюу 25 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус чуулган хуралдуулахаар заасан байдаг. Тиймээс Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлах байх. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болж байгаа ч Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжилж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Дэлхийн 70 орчим орны парламентад “Халуун сандал” арга хэмжээ бий. Энэ нь аливаа асуудалтай холбогдсон албан тушаалтнаас мэдээлэл авч, үнэнийг нь хэлүүлж, сэтгүүлчдэд нэгдсэн тайлбар, мэдээлэл өгөх зорилготой. Манайхаар бол Нийтийн сонсголтой ижил. Тиймээс ээлжит бус чуулганд АТГ-ын дарга, удирдлагууд оролцож, “60 тэрбум”-ын хэрэг эвлүүлэг байсан эсэхийг нотлон харуулах, тайлбар өгөх ёстой юм. Энэ асуудлаар цагдаа, тагнуулын байгууллага, МАН-ын Хяналтын хороо, Ёс зүйн хороонд хандсан. Цаашдаа УИХ-ын Ёс зүйн хороонд хандахаар төлөвлөж байна” гэлээ.
Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу