Бүх шатны дарга нарт хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулах албан даалгавар өглөө

Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргалаа

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон хүүхдийг аливаа осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газар Албан даалгавар гаргалаа. Монгол Улсын Шадар сайд, бүх сайд, бүх шатны Засаг дарга, төрийн байгууллагад даалгаж, бүх шатны ИТХ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын морин спорт уяачдын холбоонд зөвлөж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандаж уриалга гаргасан Албан даалгаврын хэрэгжилтийг улирал бүр дүгнэж байхаар болов. 

2018 оны эхний хагас жилийн байдлаар золгүй тохиолдлоор 27 хүүхэд амь насаа алдаж, зам тээврийн ослын улмаас 304  хүүхэд гэмтэж,  4 хүүхэд нас барж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 98 хүүхэд хохирч, 833 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр/2017-2021/ түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих сурч боловсрох хамгаалагдах, нийгмийн амьдралд оролцох үндсэн эрхийг хангах асуудлаар салбар бүрийн үүргийг тусгасан боловч зарим салбар яам, агентлаг, анхан шатанд хэрэгжилт хангалтгүй байна.

Иймд хүүхдийн эрхийг хамгаалах ,хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг иргэд, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжид зохион байгуулах, хүүхдийг аливаа осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дээр дурдагдсан албан тушаалтнуудад Засгийн газрын албан даалгавраар  үүрэг болголоо.

Тухай нь

-  Сургууль цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох

-   Үдийн цай, хоолны чанарт байнгын хяналт тавих

-   Улсын хэмжээнд хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлаар үзлэг шалгалт зохион байгуулах,

-  Гэр бүлийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах

-  Сургууль цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулж, гадна, дотор  орчныг камержуулах, эрсдэлтэй тоног, төхөөрөмж тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх

-  Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас сэргийлэх

-  Цахим орчинд хүүхдийн сэтгэхүйд сөрөг нөлөөтөй бүх төрлийн мэдээллийг тодорхойлж, хандалтыг хязгаарлаж, устгах тогтолцоог нэвтрүүлэх

-  Зочид буудал саун,цэнгээний газруудын ажилчдыг хүүхэд хамгааллын талаархи сургалтанд тогтмол хамруулдаг болох

-  Бэлгийн аливаа хүчирхийллээс хүүхдийг бүх талаар хамгаалах

-  Бүтэн болон хагас өнчин, үл хайхрагдсан хүүхдүүдийг гэрийн орчинтой дүйцэхүйц орчин нөхцлөөр хангах

-  Эцэг эхчүүдийг хүүхдийг аюулгүй тээвэрлэж, хамгаалалтын бүс хэрэглэж хэвлшүүлэх

-  Автозамын гарцын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, гэрлэн дохио уулзвар, зорчих хэсгийг стандартын дагуу тохижуулах

-  Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, эрсдэлтэй өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг илрүүлж, зөрчлийг арилгуулах, хүүхэд гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах

-  Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, хүүхдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүүлэхэд чиглэсэн сургалтыг баг хороо бүрт зохион байгуулах зэргээр салбар хариуцсан сайд, орон нутгийн удирдлагууд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын удирдлагуудад гүйцэтгэх үүрэг даалгаврыг нэгбүрчлэн нарийвчлан даалгасан болно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу