Г.ЗАНДАНШАТАР: ХҮҮХДИЙН СУРЧ, ТОГЛОХ ОРЧИНД БАЙГАА ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ХААНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх салбарын удирдлагуудад Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгавар хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг албан даалгаврын хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд гурвсан сар тутамд танилцуулж байхыг БСШУСЯ, ХНХЯ, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг дарга болон ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын удирдлагуудад үүрэг болгосон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Тэрбээр, “Сүүлийн үед бусдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон олон тохиолдол гарлаа. Тиймээс улсын хэмжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үзлэг, шалгалт явуулахыг холбогдох газруудад даалгалаа. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгосон. Аймаг, сумдын ИТХ-ын дарга нарт мөн үүрэг чиглэл өгч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хохироож байгаа бүх газар үзлэг шалгалт хийх, засах, сайжруулах арга хэмжээ авахыг даалгаж байна. Дээрх даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгаж, үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд тохиолдолд хариуцлага тооцох болно. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар нэгдсэн бодлого, төлөвлөгөө боловсруулж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас хүүхдийн сурах, тоглох орчинд байгаа баар, цэнгээний газрууд, архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг хаах зэрэг тодорхой, нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргах юм" гэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Сургууль, цэцэрлэгүүдийн зүгээс хүүхдийн аюулгүй сурах орчинг бүрдүүлэхэд төсөв, санхүү хүрэлцдэггүй гэсэн гомдол хэлдэг. Энэ чиглэлээр нэмэлт санхүүжилт гаргах уу?

-БСШУСЯ-нд сургууль, цэцэрлэгүүдийн төсвийн бие даасан байдлыг хангах чиглэл өгсөн. Тухайлбал, сургуулиуд спорт заалаа түрээслээд олсон орлогыг урсгал засвартаа зарцуулдаг байх чиглэл өгсөн.

-Албан газрууд хариуцлагагүй ажилласны улмаас хүүхдүүд эндэж байна. Эдгээр байгууллагуудын дарга нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ чиглэлээр холбогдох ажлын хэсэг ажиллаж байгаа. Тухайлбал, цахилгааны төлбөрөө төлөөгүй өрхийн цахилгааны утсыг тоолуураас нь салгаж үлдээсний улмаас богино холбоо үүсч, хүүхдийн амь хохирсон гэсэн мэдээллийг нэг албан газраас ирүүлсэн байхад ЭХЯ-наас үүнийг нь үгүйсгэсэн тайлбар өгч байгаа. Тиймээс ажлын хэсэг энэ бүхнийг нарийн судалж, дүгнэлт гаргасны дараа буруутай этгээдэд хариуцлага тооцно.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу