Онцгой байдлын ерөнхий газар ОНЦГҮЙ газар болов

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Санхүү, хангалт, үйлчилгээний газрын дарга, хурандаа Р.Дадам, Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шалгаж эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд У.Хүрэлсүхийн “хүн” гэх Т.Бадралаас бусад холбогдогч цагдан хоригдсон бөгөөд хамгийн сүүлд ОБЕГ-т бараа шахсан компанийн захирал батлан даалтад гараад буй юм байна.

“Гурван төрд нүүртэй хүн” гэгчээр МАН-ын угшилтай Т.Бадрал, ОБЕГ-ын албан хэрэгцээнд буюу команд штабын сургуулилалт нэрээр төсөвлөсөн мөнгөөр МАХН-ын харьяалалтай Шадар сайд Ц.Оюунбаатарыг санхүүжүүлсэн, удирддаг төрийн бус байгууллагад нь их хэмжээний мөнгө шилжүүлсэнтэй холбогдуулан анх хууль сахиулагчдын хараанд ороод байсан нь АТГ-т шалгуулах үндэслэл болсон.

Гурван төрд нүүртэй гэсэн нь МАХН-ын нэр дэвшигчийг санхүүжүүлсэн атлаа зарим аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн даргадаа үүрэг өгч “АН-аас нэр дэвшигчийн төлөө алба хаагчдаа санал өгүүл” гэсэн шаардлага тавьсантай нь холбоотой. Харин өнөөдөр МАН-ын нөлөө бүхий гишүүдийн чихэнд түүний энэ асуудал хүрчихээд, зарим нь ихэд ундууцаж байгаа юм билээ. Харин өнөөдөр онцгой байдлын байгууллагын эгэл жирийн алба хаагчид нь удирдлагынхаа идэж уусанд ихэд бухимдаж байгаа юм.

ШИЛЭН ГАРААШ БАРИХ ХӨРӨНГӨ ХАРДЛАГА ДАГУУЛЖ БАЙГАА ГЭНЭ

ОБЕГ-ын удирдлагууд алба хаагчдаа үндсэн цалинг нь өгөөд хийх ёстой ажлыг нь бус, барилга дээр ажиллуулсан явдал өнгөрсөн зун гарчээ. Богд хан уулын Жаргалантын аманд байгуулсан барилгыг алба хаагчдын нөхөн сэргээх, сувиллын төв болгохоор ОБЕГ-т шилжүүлсэн юм. Түүнийх нь дэргэд өнгөрсөн зун хоёр ч барилгын ажил хийжээ. Нэгийг нь буюу гэр хэлбэртэй, өмнө барьсан барилгын засварыг ОБЕГ-ын харьяа хурандаа Бямбасүрэн даргатай Хангалт үйлчилгээний ангийн алба хаагчид хийсэн юм байна.

Зуны гурван сар буюу тавдугаар сараас наймдугаар сарын сүүлч хүртэл ажиллахдаа 08.00-20.00 цаг хүртэл ажиллах ёстой үндсэн цагийг хэтрүүлэн зүтгүүлсэн байгаа юм. Дээрх барилгын засвар үйлчилгээний зардал гэж төсөвт огт тусгаагүй юм уу, эсвэл ОБЕГ шилэн дансаа хөтлөхдөө хойрго уу, юутай ч ямар хөрөнгөөр засварлах тухай мэдээлэл алга. Тэгсэн атлаа тус ангийн алба хаагчид буюу жолооч нарыг өдөрт 10 гаруй цаг ажиллуулж байж.

Уг нь Хангалт үйлчилгээний ангийн үндсэн үүрэг нь тээврийн болон техник хэрэгслээр анги салбаруудаа хангах үүрэгтэйгээс биш, барилга барих ёсгүй. Магадгүй барилгачдад төсөвлөсөн хөрөнгийг дарга нар нь “завшчихаад” эгэл жирийн алба хаагчдаа зүтгүүлсэн байж ч болох. Тус ангийн захирагч Бямбасүрэнг онцгой байдлын алба хаагчид нь “Шадар сайд У.Хүрэлсүхийн халаасны хүмүүсийн нэг. Баянзүрх палас гэх мэтээр нийслэлд олон объекттой хүн Онцгой байдлын байгууллагад ямар ашиг сонирхлын үүднээс орж ирсэн юм бол. Төрийн алба хаагчийн цалинд нь болоогүй байх даа” хэмээн ярьцгаах юм билээ.

Тус ангийн дунд тушаалын алба хаагч нар “Манай анги Онцгой байдлын албаны бэлэн байдлыг хариуцдагаас биш, Шадар сайдын зөвлөхийн унаа тэргийг залгуулах үүрэггүй байлтай” хэмээсэн. Жирийн алба хаагчидтай нь уулзахад энэ мэт олон зүйл ярьж байгаа юм.

Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сургалтын төвд өнгөрсөн зун хийсэн өөр нэг бүтээн байгуулалт нь шилэн гарааш. Энэ гараашийг барих тендерт Т.Бадрал нартай хамт шалгуулж буй Р.Дадамын эхнэрийн дүүгийн нэр дээр байдаг компани ялсан гэсэн мэдээллийг ОБЕГ-ын эх сурвалж өгсөн. Нөгөө л шилэн дансаар нь санхүүжилтийг шалгах гэсэн боловч бас л мэдээлэл алга байв.

Албан бус эх сурвалжуудын хэлснээр 500-гаад сая төгрөгөөр шилэн гарааш барьсан нь АТГ-ынхны анхааралд очиж, хардлага дагуулж байгаа гэнэ. Барилгын зураг төсөв хийдэг мэргэжлийн хүний хэлснээр 100 гаруй сая төгрөгөөр ийм барилга барих боломжтой, 500 сая гэдэг нь үнэн бол арай л өндөр үнээр барьсан байна даа хэмээсэн юм. Тэгэхээр энэ гараашийн санхүүжилт хууль сахиулах байгууллагынхны анхаарлыг татах нь аргагүй.

2.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХООСОН “ГАЗЕЛЬ”-УУД

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Санхүү, хангалт, үйлчилгээний газрын дарга, хурандаа Р.Дадам, Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нарыг шалгах хамгийн эхний үндэслэл нь “Газель” маркийн автомашинууд болсон. Та зураг дээрээс ийм загварын тоноглосон машины зургийг харж байна.

Гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор 2015 онд төсвийн хөрөнгөөр ОХУ-д үйлдвэрлэсэн “Газель” маркийн 30 гаруй автомашин, машин тус бүрт аврах ажлын багаж, хийлдэг дэр, гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хэрэглэл, хүн нэг бүрийн галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч (РЛО) зэрэг багаж хэрэгсэл дагалдуулан өгч байв.

Тухайн үед “Газель” маркийн автомашиныг нийт 2.3 тэрбум төгрөгөөр авсан байдаг. Анги байгууллагад данслагдсан нэг бүрийн үнэ нь 69 сая 800 мянган төгрөг. Уг автомашинуудыг “Орем трейд” ХХК-ийнхан ОХУ-аас оруулж ирж нийлүүлсэн гэх юм билээ. ОХУ-аас автомашинуудыг авчрахдаа “хөлөөр” нь оруулж ирсэн гэх.

Ингэж авчрахаар дугуй нь л гэхэд 20 хувийн элэгдэлд ордог талаар тус газрын техникийн албаны мэргэжилтнүүд хэлж, түүгээр зогсохгүй тоног төхөөрөмжүүд нь байхгүй учраас бүрэн гүйцэд шилжүүлэхийг тендерт ялагч “Орем трейд”-ээс шаардсан аж. Гэвч ОБЕГ-ын дарга нь шаардлага тавьсан хүмүүсийг “Ажилтайгаа үлдье гэвэл амаа хамхиж байх”-ыг шаардсан байна.

ОБЕГ-ын нэрээ хэлэхийг хүсээгүй албаны эх сурвалж “Тэр “Газель” маркийн автомашин нь ердөө л хоосон амбаар ирсэн. Уг нь тендерийн шалгуур нь аврах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжтэй байхыг шаардсан байдаг. Өмнөх жил нь яг тэгж тоноглосон, гэхдээ туулах чадвар нь одоо авснаасаа илүү “Газель” маркийн машиныг нэг бүрийг нь 69 сая төгрөгөөр 5-6 ширхгийг авч, хотын ойролцоо оршдог аймгийн Онцгой байдлын албанд олгосон юм.

Тэр үнээрээ хоосон амбаартай машин авсан юм шиг байна лээ. Тендерийнхээ бичиг баримтад шаардахдаа аврах ажиллагаанд зориулсан тусгай тоноглолоо суурилуулах тавцантай байх зэрэг олон нарийн зүйл тусгасан байсан. Гэвч нийлүүлсэн машинууд нь нэмэлт ямар ч тоноглолгүй байсан. Хүлээж авснаас нь хойш л нэлээд хэл ам таталж байсан юм.

Нэгэнт шалгаж эхэлж байгаа болохоор учрыг нь олж хужрыг нь тунгаагаад өгөх байлгүй дээ” гэсэн юм. Төрийн албыг халаасаа зузаалах хэрэгсэл болгосон хүмүүсийн толгойг илээд ажиллуулаад байх гэж үү. Ядахдаа албан үүргийг нь түдгэлзүүлээд шалгаж болдоггүй л юм байх даа.

Эх сурвалж: http://unuudur.mn/article/90396

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу