Б.Цоожчулуунцэцэг - Муу охин /өгүүллэг/

Сайн уу? Миний охины ажил сайн биз дээ?

-Өө. Ээж. Сайн байна уу? Танаар сонин юу байна даа.

-Ээж нь сайн сайн. Миний охин юу хийж байна даа.

-Ээж би жаахан завгүй байна. Эргээд залганаа...

Утсаа салгасан хойноо учиргүй сандрав. Эргээд залгах гэтэл миний гарт ямар ч утас байсангүй. Бас ээж ямар дугаараас над руу залгасныг бодоод бодоод олсонгүй. Ээж ээ хэмээн хар тэнхээгээрээ хашгирсан боловч надаас ямар ч дуу гарсангүй. Саяхан л ээжтэй ярьж байснаа санан гар утсаа хайлаа. Өчигдөр орой унтахдаа цэнэглэж орхисон утас яг л байрандаа...

Одоогоос дөрвөн намрын өмнө өөд болсон ээж минь охиныхоо амар мэндийг асуухаар зүүдэнд минь ирээд буцсныг сая л мэдэв.Урьд нь ч гэсэн ээж минь байнга над руу залгадаг байлаа. Ихэнхи тохиолдолд

-Ээж би жаахан завгүй байна. Эргэж залганаа гэж хэлдэг байж билээ. Харин тэр бүр эргэж залгадаг байсан уу гэвэл үгүй. Ээжийн дуу аядуу зөөлхөн байсан. Гэхдээ л охинтойгоо нэг их чухал зүйл ярихаар завдаж байсныг саналаа. Холын холоос ээж минь охиндоо юу хэлэх гэж зүүдэнд нь ирсэн юм бол хэмээн тархиа гашилтал бодож, бас “Ээж би жаахан завгүй байна” гэж хэлсэндээ, утсаа салгасандаа өөрийгөө зүхээд, зүхээд барсангүй. Ээжийнхээ яриаг таслалгүй сонсож, ээжийнхээ аядуу зөөлхөн хоолойг сонсож чадаагүй дээ харамссаар...

Харамсах тусам гашуун нулимс хоолой зураад ирэв.

Хөөрхий дөө. Миний муу ээж... Би ээжийн амины охин, намайг гараасаа, нүднээсээ ч салгахгүй хайрлаж, өмөөрч, бас миний төлөө зовж шаналж амьдарсан.

-Би чамайг аманд багтдаг бол хүлхээд, алганд багтдаг бол атгаад явж байх юмсан хэмээн дүрсгүй, гэнэн, бас томоогүй үрдээ учирлаж байсныг нь эргэн, эргэн санав. Гэтэл би ээждээ чин сэтгэлээсээ, “Тандаа хайртай шүү” хэмээн хэлж байгаагүйгээ, бас хэзээ ч аргадаж зэмлэсэн үгийг нь анхаарч сонсож байгаагүйгээ санав. Санах тусам гашуун нулимс хацар эсгэн урссаар...

Сайн ээжийн муу охин...

Хайранд бялуурч өссөн хэрнээ хайрыг хайрлаж чадаагүй өөдгүй охин. Тиймээс л бурхан намайг шийтгэсэн байх. Үргэлж бялхаж байсан их хайрыг ижийтэй минь хамт надаас авсан байх...

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу