НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр уулзлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын төдийгүй олон улсын томоохон арга хэмжээ, энхийн болоод дэлхий дахины хөгжил цэцэглэлтийн төлөө үйлсэд идэвхтэй оролцсоор ирсэн Монгол Улсын хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэн талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжин улс орондоо хэрэгжүүлээд байгаагаас гадна  “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан Монгол Улсад баяр хүргэв. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ өнөө хэр нь оруулсаар байгаа Монголын ард түмэнд талархлаа илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын арга хэмжээнд оролцон, дэлхий дахинаа тулгамдаж буй сорилт бэрхшээлийг хамтдаа хэлэлцэн, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр гэх мэт хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын хувьд чухал үүрэг хэмээгээд энэ чиглэлд цаашид тууштай ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтын үеэр талууд НҮБ болон олон улсын хамтын ажиллагаан дахь Монголын үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар болон дэлхий нийтэд тулгамдаад буй зарим асуудлын талаар ярилцлаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ дэх Байнгын төлөөлөгчийн газарт зочлон, Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгнө. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу