Н.Амгалан: Монголын төрийг гадна, дотоодын хорлолоос хамгаалах зорилготой Чойжин ламын сүмийг барьсан юм билээ

Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалантай Чойжин ламын сүмийн музейн үзэсгэлэнгийн үеэр ярилцлаа.

-Чойжин ламын сүм музейн түүхийг харуулсан үзэсгэлэнг та үзээд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монголын соёл, урлагийн байгууллагуудаас ялангуяа сүм музейн дотроос Чойжин ламын сүм музей үзэсгэлэнгээ гаргаж байдагт талархаж ирсэн. Чойжин ламын сүм музей Монголын түүхтэй салшгүй холбоотой. Одоогоос 110 жилийн өмнө Богд хааны төрсөн дүү  анх Занхан нэртэй шүтээний сүмийг барьсан түүхтэй.

Тэр үед энэ сүм нь тусгай сахиусны сүм байж байгаад 1911 онд тусгаар тогтносон Богд хаант улс байгуулагдах үед Лувсанхайдав Монголын төрийн Чойжин болсон байдаг. Чойжин ламын сүм бол маш учиртай, сахиус ихтэй газар. Тиймээс Чойжин ламын сүмийг Монголын төрийг гадна, дотоодын хорлолоос хамгаалах зорилготой барьсан юм билээ. Энэ бүхнийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасанд маш таатай байна.

Norphei Art Gallery-н зураг.

-Сахиус ихтэй сүмийн тухайд юу хэлмээр байна вэ?

-Энэхүү сүм дуганд мяндаг хэргэмтэй лам нар зөвхөн Монгол улсын төр мөнхөд оршин тогтнох тухайд залбирч, тусгайлан ном хурдаг байсан. Чойжин ламын сүм музейн түүхэн гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж байгаа нь бурхан шашнаас юу устсан юм бэ гэдгийг харж болохоос гадна Монголын соёлоос орчин үеийн залуучууд, хүмүүст танилцуулж байгаа нь зөв ажил юм. 1938 онд Монголын сүм хийдүүд хаагдаж, зохион байгуулалттай хэлмэгдэл, устгалын дараа 80 жилийн дараа энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаад талархаж байна.

-Чойжин ламын сүм музейд төрийг хамгаалах сахиус их оршсон гэж та хэлж байна. Гэтэл манай төр засагт ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлгүй, улсынхаа  өмч хөрөнгөөс завшсан, байгалийн баялгаа барьцаалж, худалдсан хүмүүс төрийн өндөрлөгт яагаад гараад байна вэ?

-Улсын өмч хөрөнгөөс завшиж байгаа иймэрхүү ажил нь тэр хувь хүний л ёс зүйн асуудал. Ер нь шашин соёлоосоо холдохоор хүн ёс суртахуунгүй болдог юм. Хүн уур, уцаараа барих, шуналаа дарах сэтгэл, ухаан, чадваргүй байвал үнэт зүйлгүй болж эхэлдэг. Энэ бол хувь хүний ёс зүйтэй холбоотой. Хэрэв монголчууд шашин соёлоо алдахгүй, дээдэлж өдийг хүрсэн бол хүмүүс ийм асуудал үүсгэхгүй шүү дээ. Жишээ нь, 60-70-аад оноос өмнө монгол айл бүхэн л  гэрээ цоожлохгүй орхиод явдаг байлаа.

Тэр үед айлын гэрт хулгай дээрэм болдоггүй байсан цаг. Гэтэл улс орон хөгжиж байна гэдгээр энэ тэнд камер тавьж байна. Үүний шалтгаан нь муу үйлдэл хийгч хүмүүстэй холбоотой. Мөн хүний муу сэтгэл хөгжиж байгаагаас биш Монголын одоогийн байдал цэвэр хөгжил биш юм. Цэвэр ёс зүйт хөгжил байвал хулгай дээрэмгүй, шуналгүй нийгэм байх болно.

Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу