ҮСЧИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Батчулуун татвар төлөгчийн үүргээ биелүүлж өөрийн үйлчлүүлэгчиддээ цахим төлбөрийн баримт олгож эхэлжээ. Тэрээр аймагтаа тасралтгүй 31 дэх жилдээ үсчинээр ажиллаж байгаа бөгөөд цахим төлбөрийн баримт олгож буй хамгийн анхны үсчин болсон байна.

“Цахим төлбөрийн баримт олгож эхэлсэнд үйлчлүүлэгчид маань маш таатай хүлээн авч байгаа. 30 гаруй жил ажилласан болохоор өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон. Гэхдээ баримт олгож байгааг сонсоод зорьж ирэх хүмүүс ч байна. Миний хувьд НӨАТ-ын баримт олгосноор өөрийн орлого зарлагын хэмжээг хянах бүрэн боломжтой болсон. Үсчдийн хувьд өөрсдийн гэсэн тогтсон тарифтай учир тухайн үнэдээ тохирсон баримтуудыг урьдчилж хэвлээд түүнийгээ нэг сарын дотор олгож дуусгах ёстой юм билээ. Одоогоор би гэртээ хэвлэж ирээд баримтаа олгож байгаа. Миний араас бусад үсчид маань мөн баримт олгож эхэлсэн.” гэж тэрээр ярилаа.

Гэхдээ үсчний олгосон тухайн баримтын үнийн дүнгээс урамшууллын хоёр хувийн буцаан олголт гэж орохгүй, зөвхөн сугалаанд оролцох эрх үүсэх юм байна.

Худалдаа үйлчилгээний газрууд бүгд НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох ёстой. Гэвч Сүхбаатар аймгийн хэмжээнд өнөөг хүртэл тус баримтыг олгож эхлээгүй, тогтмол олгодоггүй томоохон худалдаа үйлчилгээний газрууд цөөнгүй бий. Эдгээр газруудыг шүүмжлээд хувиараа хөдөлмөр эрхлэгчээс үлгэр жишээ авах хэрэгтэйг иргэд хэлж байгаа юм.
Т.Одончимэг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу