ЦУСАА ХАНДИВЛАЖ 100 ГАРУЙ ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВАРСАН ОЮУТАН О.ГАНБАЯРЫГ "ХҮНДЭТ ДОНОР"-ООР ӨРГӨМЖЛӨВ

Өнөөдөр тохиож буй “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг ЭМЯ, ЦССҮТ, МУЗН хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ.

2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэх болсон. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилготой эл өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэлээ.

ЦССҮт-ийн дарга Н.Эрдэнэбаяр, "2016 онд улсын хэмжээнд нийт 32966 донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд 33407 болж өсчээ. Цусны нөөцийн хувьд 2018 оны 5 дугаар сарын 01-ний байдлаар өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар нэмэгдсэн. Энэ нь цусаа бэлэглэх иргэдийн тоо жилээс жилд өсч байгааг харуулж байна. ЦЦСҮТ олон улсын жишигт нийцсэн цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, 15 шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулж байна. Мөн 22 нэр төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эмнэлгүүдийг ханган ажиллаж байна" хэмээн ярив.



Одоогийн байдлаар улсын хэмжээнд 150-иас дээш цусаа өгсөн Алтан донор тав, 100-150 удаа цусаа өгсөн Мөнгөн донор 20, 70-100 удаа өгсөн Хүрэл донор 63 төрөөд байгаа аж. Харин энэ онд улсын хэмжээнд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор 100 гаруй төрснөөс 62 нь нийслэлээс тодорчээ. Энэ үеэр хамгийн залуу Хүндэт донороор О.Ганбаяр, хамгийн олон өгөлттэй Хүндэт донороор З.Баяртсайхан нарыг алдаршуулсан юм. Түүнчлэн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн ШУТИС, Зэсвэгт хүчний 013 дугаар анги болон Бурханы сүмийг “Донор хамт олон”-оор өргөмжилсөн бол цусны донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.zaluu.comтус тус шалгарлаа.

Хамгийн залуу Хүндэт донороор өргөмжлөгдсөн 22 настай, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын 4 дүгээр курсын оюутан  О.Ганбаяр ярихдаа, “Анх 2013 онд Улсын Гуравдугаар төв эмнэлэгт дадлага хийж байх үеэсээ цусаа өгч эхэлсэн. Цусны өвчтэй хүүхдүүдийн талаар хичээл дээр бие даалт хийж байсан учраас эдгээр хүмүүст цус цусан бүтээгдэхүүн хичнээн хэрэгтэйг ойлгосон. Цусны донор болж цусаа бэлэглэснээр тэдэнд өчүүхэн ч гэсэн туслах боломжтой юм байна гэж бодоод энэ хугацаанд нийт 37 удаа цусаа өгч хамгийн залуу донор болсондоо баяртай байна. Залуустаа хандаж хэлэхэд цус өгөхөд өдрийн 30 минут л зарцуулна.  Тэр үед өгсөн 350-400 мл цус гурван хүний амь нас аварна. Тэдний цаана гурван гэр бүлд аз жаргалтай сайхан амьдрах боломжийг олгодог. Түүнээс гадна донор байнга цусаа өгснөөр эрүүл болж, зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг. Тиймээс үе тэнгийн залуустаа тогтмол цусаа өгч донор болохыг уриалж байна” гэв.

Өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүүд төв талбайд хүрэлцэн ирсэн иргэдэд цусны донорын талаар мэдээлэл авч, цусны бүлэг тодорхойлор шинжилгээ хийж байлаа.
Ж.Болор
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу