ХАЛЗАН-УУЛЫН РАШААН СУВИЛАЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

 Дорноговь аймагт хүний биеийг анагаагч шидтэй рашаан сувилал цөөнгүй буйн нэг нь тус аймгийн Даланжаргалан суманд байдаг Халзан-Уулын рашаан сувилал. Тус рашаан сувилал энэ оны анхны үйлчлүүлэгчидээ хүлээн авахад бэлэн болж бэлтгэл ажлаа хангажээ.

Сайншандаас 2ОО гаруй км-т, сумын төвөөс баруун хойш 45 км-т буй Халзан уулын баруун суга хормойд оршдог рашаан нь тэртээ 18ОО-аад оны үед газар дороос ундран  гарч байжээ. Түүх сөхвөл говийн соён гэгээрүүлэгч  Ү ноён хутагт энд морилон ирж амарч байсан гэдэг домог байдаг аж. 1980-аад онд Оросын геологичид хэд хэдэн гүний өрөмдлөг хийж нөөц найрлагыг тогтоосон гэх. Одоо энд гурван хэсэг өрөмдлөгийн цооногоос оргилон байдаг гайхалтай хийн амьсгалтай хүйтэн  рашаан байна. Нэг цооног нь хаалттай байдаг. Далайн төвшнөөс дээш 1700 м өргөгдсөн рашааныг түшиглэн 1990-ээд оноос аймаг улсаас анхааран амралт сувиллын газрыг баййгуулснаар  жил бүр 6 сарын 15-аас 8 сарын 15-ныг хүртэл ажиллаж өдөрт 8О-100 орчим хүн хүлээн авч, эмнэлэг үйлчилгээ, аж ахуйн бүрэн хангамж үзүүлдэг байна. Рашаан нь өвөл зунгүй оргилон гарч хоногт 125 куб метр оргилдог.
Эмнэлгийн байгууллагын судалгаагаар  төрөл бүрийн өвчин  анагаах чадалтай гидрокарбонат кальц, хлорт натри,нүүрс хүчлийн хий болон цацраг идэвхт радон мэт 19 төрлийн химийн элемент агуулсан  рашаан газрын гүнээс өөрөө гардаг юм.
Эдүгээ улсын хэмжээний рашаан сувилал болж  нэг ээлжиндээ 8О-1ОО хүн, түүнээс илүү хүн хүлээн авч рашаан болон физик эмчилгээ,эмийн бус 17 төрлийн эмчилгээ хийж байна. Энд амралтын 2-4 ортой  2О шахам байр бусад үйлчилгээний  барилга, байгууламж,  эмнэлэг, гал тогоо, соёлын төв ажилладаг. Төмөр замын Шивээ-Овоо зөрлөгөөс 45 км-д байрладаг цахилгаан эрчим хүчинд холбогдсон засмал зам тавих төсөл, төлөвлөгөө хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж байгаа юм. Улаанбаатар болон олон аймаг сумдын хүмүүс ирж эмчлүүлдэг улс, аймгийн томоохон чухал  рашаан сувиллын газар юм.
 
Х.Эрдэнэбулган
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу