ЗАЛУУ МАЛЧДЫГ СУРГАЖ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харъяа Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас орон нутгийн хөдөлмөр эрхлэгч иргэдэд зориулсан “Аж ахуй эрхлэлт”-ийн сургалт Ховд аймагт болж байна. Энэ хүрээнд 06 дугаар сарын 14-15-нд “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малжуулах арга хэмжээнд хамрагдах Залуу малчдад зориулсан сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын зорилго нь орон нутгийн залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны талаар шинэ мэдээлэл хүргэх, аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэж байгаа юм.
Сургалтад Ховд аймгийн 17 сумаас “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Малжуулах арга хэмжээнд хамрагдахаар сонгогдсон 76 залуу малчин болон сумын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 90 орчим хүн хамрагдлаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Б.Нямдаваа, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, ХХААГ-ын Ахлах мэргэжилтэн Г.Гончигсүрэн, Манхан сумын харъяат Улсын гавьяат малчин Х.Эрдэнээ нар оролцов.
Тус сургалтын хүрээнд Малчдын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Малын генетик нөөцийн тухай хууль, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, бэлчээр ашиглалт, Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт, Гэр бүлийн харилцаа, халамж үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Түүнчлэн Манхан сумын харъяат Улсын гавьяат малчин Х.Эрдэнээ залуу малчидтай мал маллах арга ухаан, сайн туршлагаасаа хуваалцаж байна.
Ховд аймагт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оноос хойш 396 залуу малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулан 34524 толгой бог малаар малжуулж, 1,670,000,0 (нэг тэрбум зургаан зуун далан сая) төгрөгийн санхүүжилтийг зарцуулж, 792 иргэнийг хөдөө аж ахуйн салбарт байнгын ажлын байртай болгожээ. Мөн энэ жил 76 залуу малчныг малжуулах арга хэмжээнд хамруулж, 340 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.
А.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу