ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ ГАЛТ БАМБАР ХӨВСГӨЛӨӨС ЗАВХАНЫГ ЗОРИЛОО

Дэлхийн энхийн зүтгэлтэн Шри Чинмойн санаачилгаар улс түмнүүдийн найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор дэлхий дахинаа галт бамбартай буухиа гүйлтийг анх 1987 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна. Тус гүйлтийн баг тамирчид өчигдөр орой Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирж өнөөдөр Завхан аймгийг зорилоо.
Дэлхийн энх тайвны төлөөх галт бамбарыг аялуулж яваа багийн бүрэлдэхүүнийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гал түймэр унтраах аврах 46-р ангийн тамирчид Тариалан суманд угтан авсан бол Мөрөн сумын хүндэтгэлийн хаалган дээр Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах 27-р ангийн аврагч, гал сөнөөгч, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Ганбаяр, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах 27-р ангийн жолооч Г.Бямбадорж нар угтан авч Мөрөн хотод бамбарыг өртөөлөн авчирчээ.
Дэлхийн энх тайван, хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, энхийн гүйлтийг Монгол Улсын хэмжээнд үндсэн маршрутын дагуу зохион байгуулах, Онцгой байдлын албыг олон нийтэд сурталчлан таниулах ажиллагааг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо хариуцан ажиллаж байгааг энэ үеэр онцолж байлаа.
Энхийн төлөө буухиа гүйлт нийт 13 аймгийн 39 сумын 3000 орчим км замыг туулах бөгөөд Хөвсгөлөөс Завхан, Увс, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар үргэлжлэх гэнэ. Энэхүү гүйлтэд янз бүрийн үндэс угсаа, шашин шүтлэг, соёл уламжлалтай сая сая хүн нэгдэн оролцдог бөгөөд Монгол Улс анх 1995 оноос эхлэн энхийн гүйлтийн галт бамбарыг хүлээн авч байжээ. Шри Чинмой дэлхий ертөнц эв найрамдалтай байгаасай гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулж, 40 гаруй жилийн турш дэлхийн хэмжээнд урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлын арга хэмжээг дэмжиж иржээ.

Б.Гантуяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу