ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцээс 2018 оны 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” хэмээн заасныг хүчингүй болгосон. Тиймээс Шүүх байгуулах тухай хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, "Багахангай дүүрэгт Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүрэгт мөн Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулахаар тусгасан. Эдгээр шүүхийг байгуулснаар 4 шүүгч, 4 ажилтан шинээр авах,  ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын зардал, шүүхийн тамга, тэмдэг, хаяг хийлгэх, тавилга, тоног төхөөрөмж зэрэгт нийт 323,2 сая төгрөгийн нэмэлт зардал шаардлага үүснэ  Үүнийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр төсөлд тусгасан" хэмээв.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг хэлэлэцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ч.Ариунболд
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу