ТАЙЛАНГАА ХУГАЦААНД ГАРГААГҮЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ САНАЛЫГ ДЭМЖИВ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал боловсруулсан. Тухайлбал, хуулийн төсөлд иргэн аливаа эд хөрөнгө өмчилсөн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгох, үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх болсон. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг иргэнд аль болох хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх зорилгоор 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан. Мөн уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг 25 зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн" гэлээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг нийт 22 зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Тухайлбал, баримт бичиг хуурамчаар үйлдэж аливаа хуулийн этгээдийг бүртгүүлэх оролдлого хийсэн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагын тухай заалт нэмэх, санхүүгийн тайлангаа 8 буюу түүнээс дээш сараар дараалан гаргаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээ авах заалтыг нэмж тусгах санал гаргажээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү ажлын хэсгээс боловсуулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ч.Ариунболд
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу