Хатуу хог хаягдал дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын Холбооны стандарт шаардлага хангасан, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд барихаар төлөвлөсөн байна. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга, барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалт бий болгох юм.

Төсөл хэрэгжсэнээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаяг цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэнэ. Мөн хотод ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ буурч, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээл, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

9.7 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу