ТАВАН АЙМАГТ ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ БАЙГУУЛНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл болон хил дамнасан бүсийг баталжээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийв.
Тэрбээр, “Энэхүү бүсийг баталснаар аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг урт, богино хугацаагаар тооцох, тухайн бүс нутагт тогтвортой хөгжлийг бий болгох боломжтой. Мөн тухайн бүс нутагт ажлын байр нэмэгдэхээс гадна энэ салбараас олох орлого Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох зорилтод хүрнэ хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдах юм. Энэ бүхний хүчинд Монгол Улс Зүүн Азийн аялал жуулчлалын томоохон бүс болох боломж бүрдэж, хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалт баталгаажих юм. БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Эхний ээлжинд Өмнөговь, Хөвсгөл, Хархорин болон Ховд, Увс аймагт олон улсын нисэх онгоцны буудал байгуулахаар төлөвлөж байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу